Төр, засаг 503 орчим нэр төрлийн үйлчилгээ, аж ахуйгаас татгалзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-21 13:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрд хяналт шалгалтын давхардал үүссэн. Үр ашиггүй энэ тогтолцоог цаашид залруулах зайлшгүй шаардлага үүсээд буйг Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮХАҮТ-д болсон “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэгт оролцохдоо тэмдэглэн хэллээ.


Үүндээ тэрбээр мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг салбарын яам руу шилжүүлж буй жишээг дурдав. Өнөөдрийн байдлаар МХЕГ-ын 26 чиглэл бүхий хяналт шалгалтын 13-ыг нь төрийн бусад байгууллага давхар хийж байна. Энэ нь иргэн, ААН-үүдэд хүндрэл учруулж буйг хуулийн зохицуулалтаар өөрчилнө гэв


“Давхардсан, үр ашиггүй системийг залруулах, стандартын хэрэгжилт, хяналтад зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэхдээ зөвхөн шаардлагатай үйл ажиллагаанд төрөөс зөвшөөрөл олгодог байх, түүнтэй холбоотой үүсэж болох хүнд суртал, ойлгомжгүй байдлыг бууруулах шаардлага байна" хэмээн тэрбээр хэллээ.



Төр урьдчилсан байдлаар 503 орчим нэр төрлийн үйлчилгээ, аж ахуйгаас татгалзаж, 400 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй бизнесийг богино хугацаанд хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзжээ.


Эдгээр өөрчлөлтийг хийснээр иргэн, ААН бизнесээ эрхлэхэд төрөөс ирэх дарамт, хүнд суртал эрс багасч, хэрэглэгч, үйлчлүүлэгч чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ авах, тэднийг хохироосон, чанар, стандартын шаардлага хангаагүй, хууль тогтоомжийг мөрдөөгүй үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг төрийн дараагийн үүргүүд хэрэгжих боломж бодитоор бий болно хэмээн үзэж байна.


Төр-иргэн хоёрын харилцаа дундаа асар том хана хэрэмтэй хоёр туйл болчихсон. Үүнийг Засгийн газар ойртуулж, дунд нь боссон хана хэрмийг нураах ажлыг хийх ёстой гэж үзэж, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор Төрийн дотоод хяналт шалгалтын газрыг байгуулах гэж буйг тэрбээр дуулгалаа.


Худалдан авах ажиллагааг мэргэжлийн ТББ-уудын оролцоонд суурилан шалгаруулдаг болно.



Төрийн худалдан авалттай холбоотой ажиллагааг аваад үзэхээр стандартад үндэслэгдээгүй, төсөвт тусгасан мөнгөн дүнд тааруулаад шалгаруулалт хийдэг. Худалдан авах ажиллагааг Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, мэргэжлийн ТББ-уудын оролцоонд суурилж шалгаруулалтыг явуулдаг болох шаардлага ч үүсэж буйг мөн хэлэв.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэхэд хийх эрх зүйн шинэтгэлийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулсан юм. Үүнд:

  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай,
  • Зөвшөөрлийн тухай,
  • Гүйцэтгэх засаглал дахь хяналт шалгалтын тухай зэрэг 4 хуулийн шинэчлэлийн ач холбогдлыг танилцууллаа. 

Засгийн газрын ХЭГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлэг нь дээрх хуулиудын төслийг иргэд олон нийтэд сурталчлах, хууль тогтоох ажиллагаанд ААН-үүдийн оролцоог хангах, санал хүсэлтийг тусгах зорилгоор болж байна. Хэлэлцүүлэгт Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын гишүүн ААН, байгууллагууд, мэргэжлийн холбоодын 80 гаруй төлөөлөл танхимаар болон цахимаар оролцож байна.

Холбоотой мэдээ