Л.Трасс огцорсон шалтгаан ба дараагийн ерөнхий сайдыг тодруулах буухиа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-10-24 21:33:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн Ерөнхий сайдаар ердөө 45-хан хоног ажилласан Лиз Трасс огцрох өргөдлөө өгснөөр тус улсын түүхэнд уг албыг хамгийн богино хугацаанд хашсан хүн боллоо.


Европын Холбоог орхин гарсан Британид нүүрлээд буй улс төр, эдийн засгийн хямрал өнгөрсөн сар хагасын хугацаанд улам гүнзгийрчээ. Үүний улмаас Трассын засгийн газарт ан цав гарч ганхсаар байсан тул Ерөнхий сайд огцрох нь ердөө цаг хугацааны асуудал болоод байлаа.


Түүний нэр хүндийн чансаа 15 хувьд  ч хүрэхгүй болтлоо доошилж, хоёр гол сайдаасаа салж, парламент дахь намынхаа фракц болон сонгогчдын дэмжлэгийг алджээ. Түүний боловсруулсан “брексит” маягийн шинэчлэлийн хөтөлбөрийг нь зах зээлд оролцогчид ойлгон хүлээж аваагүй тул санхүүгийн тогтвортой байдал, тэтгэврийн тогтолцоо болон эдийн засаг бүхэлдээ аюулын ирмэгт очлоо. Үүний улмаас Британийг 12 жилийн турш удирдаж буй Консерватив нам цаашид засаглаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй болов. 


Зөвхөн сүүлийн 4 жилийн дотор 3 Ерөнхий сайд, сүүлийн 4 сарын дотор 4 Сангийн сайд огцорчээ. Гэтэл Сангийн сайд гэдэг хүн бол Ерөнхий сайдынхаа баруун гар бөгөөд түүний хөрш болж Даунинг-стрит 11 гэсэн хаягтай байшинд суудаг билээ.

Огцрох шийдвэр юунаас эхлэлтэй бэ? Брекситийн үзэл санааг хатуу баримтлагч Борис Жонсон худал ярьсныхаа төлөөсөнд огцрохоос аргагүйд хүрч,  түүний оронд Консерватив намаас Лиз Трасс Ерөнхий сайдаар томилогдсон билээ.


Хатуу брекситийн бодлогыг баримталдаг, татвар ба нийгмийн халамжийн зардлыг бууруулахыг дэмждэг парламент дахь хэт барууныхны дэмжлэгийг Л.Трасс аваад байлаа. 


Чухам ийм байр сууринаас Трасс өөрийн эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулахдаа, баячуудаас авдаг татварыг бууруулах, бизнест ногдуулах татварыг нэмэгдүүлэхээр  төлөвлөж байсныг цуцлах, цахилгаан дулааны үнийн өсөлтөд нэрвэгдэж буй ард иргэдийг бэлэн мөнгөөр дэмжих гэсэн хувилбарыг дэвшүүлэв.   


Ийм шийдэмгий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 250 тэрбум фунт стерлинг шаардлагатай болсон хэдий ч Трасс өөрөө ч тэр, Сангийн сайд Квази Квартенг ч тэр “энэ их мөнгийг хаанаас олох вэ” гэсэн асуултанд огт хариулж чадахгүй байлаа.  


Тэгэхээр өөрийн болон бусдын мөнгийг Британийн эдийн засагт оруулчихсан хүмүүс сандралд орох нь мэдээж. Төсвийнх нь алдагдал 250 тэрбум фунтэд хүрчихсэн улсад хөрөнгө оруулахаас тэд болгоомжилж эхэллээ. Трасс-Квартенгийн төлөвлөгөө улс орныг сүйрэл рүү түлхэж мэдэхээр байгаа тул ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй болжээ.  


Засгийн газар нурах үйл явц


Трасс эхэндээ бүхий л шүүмжлэлийг няцааж, “Хийнэ, хийнэ, хийнэ” гэж хариулж байсан боловч тус болсонгүй. Ингээд Сангийн сайд Квартенг эхлээд огцров. Түүний оронд томилогдсон Жереми Хант Ерөнхий сайдын мөрийн хөтөлбөрийг бүрмөсөн өөрчилж, дахиад эхнээс нь бичжээ. Трассын зарлан тунхаглаж байсан шинэчлэлийн бүх төлөвлөгөө “хогийн саван руу шидэгдэв. 


Сөрөг хүчнийхэн засгийн эрхэнд гарахдаа таны танилцуулж байсан бүх төлөвлөгөө “цаас хэрчдэг машинд” орчихоод байхад та өөрөө яагаад огцрохгүй байна вэ гэж Трассаас асуужээ. Тэрбээр үүнд хариулахдаа “ард түмний амьдрал хэцүү байна, одоо бол гарам дээр морио солих цаг биш” гэж хэлэхэд сөрөг хүчнийхэн нирхийтэл инээлдэж байв.

Парламент дахь мэтгэлцээн дуусаагүй байхад Дотоод хэргийн сайд Суэлла Браверман гэдэг эмэгтэй огцрох хүсэлтээ өгчээ. Трассын ойрын хамтран зүтгэгчид живж буй хөлөг онгоцоо хаяад зугтаж эхэллээ.  


Ерөнхий сайдууд огцорсоор байгаад Брексит ямар хамаатай вэ?


Трасс огцорсон нь Их Британи улс Европын Холбооноос холбоогоо тасалсны логик үр дагавар юм.


Урьд нь ЕХ-той хамт эдийн засгийн нэг орон зайд байсан Их Британи улс 40 жилийн хугацаанд “Европын өвчтэй хүн” байснаа хөгжингүй улс болон хувирч, ЕХ-нд хөрөнгө оруулах үүд хаалга нь болж байлаа. Гэвч сүүлийн 10 жилд байдал сайжирсангүй.


Брекситийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан Дэвид Камерон огцров. Түүний оронд сонгогдсон Тереза Мэй ЕХ хэмээх том зах зээлээс салсан ч гэсэн улс орноо ядууруулахгүй байх, Умард Ирланд ба БНИрланд улс хоёрыг заагласан тодорхой хил хязгаар байхгүйгээс үүдэн улс орноо хагаралд хүргэхгүйн тулд “хагас брексит”-ийн хувилбарыг дэвшүүллээ. Хувилбар ёсоор Британи улс Умард Ирландтай тэнгисээр хиллэхгүйн тулд ЕХ-ны гаалийн орон зайд үлдэх ёстой байлаа. Гэвч уг хувилбар консервативчуудад таалагдаагүй тул Мэй огцорч, брекситийн үзэл санааг тууштай баримтлагч Борис Жонсон ерөнхий сайд болов.


Тэрбээр улс орны дотоодод тэнгисийн хил байна гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар брекситийн асуудлыг нэгмөсөн шийдсэн ба үүний дүнд Консерватив нам сонгуульд ялж, 2024 он хүртэл парламентад олонх болов. Британийн улс төрийн хэллэгээс “брексит” гэдэг үг хасагдлаа.

Инфляци сүүлийн 40 жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрчээ 


Гэвч тулгамдсан асуудлууд огт шийдэгдсэнгүй. Жонсоны санал болгосон хувилбар хэрэгжих боломжгүй гэдэг нь илт харагдаж, улмаар ЕХ-той дахин тохиролцох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэв. Иргэдэд амлаад байсан Брекситийн үр өгөөж огт мэдрэгдсэнгүй, улс орон улам ядуурсаар.


ЕХ-той хийж байсан худалдааны эргэлт шууд 20 хувиар буурав. Бусад улсуудтай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж буурч, эдийн засгийн өсөлт удааширчээ. Британийн эдийн засгийн багтаамж ковидын өмнөх үетэй харьцуулахад 0,2 хувиар агшсан бол ЕХ-ны гишүүн орнуудынх 1,8 хувиар тэлж, АНУ-ын эдийн засаг өнгөрсөн өвлөөс хойш өсөлттэй байгаа юм.


Английн банкны хийсэн таамаглалаар, ирэх жилд британичуудын амьжиргааны түвшин сүүлийн 60 жилд үзэгдээгүй хувь хэмжээгээр унах төлөвтэй байна. Сонгогчид ч үүнийг мэдрээд эхэлжээ.


Тэгэхээр одоо консервативчуудын өмнө улс орноо хөгжил дэвшил, нийгмийн зохицлын замд оруулах тун ярвигтай зорилт тулгарч байна. Ердийн жор, арга хэрэгслүүдийн нөөц шавхагдаж дуусчээ. Одоо маш хүнд шийдвэрүүд гаргах л үлдлээ.


Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?


Одоогоор ерөнхий сайдад өрсөлдөх магадлалтай гурван хүн байгаа нь Риши Сунак, Пенни Мордонт, Борис Жонсон нар юм.


Английн хамгийн баян хүмүүсийн нэг болох Риши Сунак бол эдийн засагч мэргэжилтэй, Энэтхэгийн цагаач гэр бүлд төрсөн хүн бөгөөд түүнийг Ерөнхий сайдаар сонгох нь мулькультурализм буюу соёлын олон янз байдлыг хөхиүлэн дэмждэг Британийн нийгмийн хувьд бол боломжийн хувилбар юм. 

Өрсөлдөгч дөрвөл 


Хоёрдахь өрсөлдөгч болох Пенни Мордонт гэдэг эмэгтэй бол урьд нь Батлан хамгаалахын сайд, Эмэгтэйчүүд ба тэгш эрхийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч.


Трасс огцорсныг сонссон Б.Жонсон Карибын тэнгис дэх амралтын газраас гэртээ яаран ирж, Ерөнхий сайдын суудалд дахин суухын тулд парламентын гишүүдийн дэмжлэгийг авахаар оролдож эхлэв. Гэвч өмнө нь дуулиантайгаар огцорсон түүний хувьд дахиад Ерөнхий сайд болох найдвар тун бүрхэг. Тэгээд ч Британийн түүхэнд огцорсныхоо дараа дахиад Ерөнхий сайдаар сонгогдсон тохиолдол үгүй.


Түүнээс гадна, дөрөвдэх хүн гараад ирж магадгүй байгаа нь Сангийн сайд Жереми Хант болой. Улс төрийн арвин туршлагатай тэрбээр талуудын санаанд бүрэн нийцэх болов уу. Гэхдээ Пенни Мордон ба гэнэт гарч ирж магадгүй нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих  вэ гэдгийг Консерватив намын элитүүд шийднэ.


Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар, Р.Сунак засгийн газрыг тэргүүлэх магадлал хамгийн өндөр байна. Консерватив намын удирдлага чадварлаг эдийн засагчийг дэмжих нь бараг тодорхой болжээ.  


Б.Адъяахүү

Эх сурвалжууд:ВВС, mir24.tv   

Холбоотой мэдээ