Засгийн газар: Орон нутаг дахь мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-25 14:20:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордонд болж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс мэндчилгээ дэвшүүлэн илгээснийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа уншиж сонордууллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлтдээ, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүчирхэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, хүнсний хангамж нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг боловсронгуй болгох, мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


Манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгоход мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, фермер, малын эмч, мал зүйч, эрдэмтэн судлаач, мэргэжилтэн та бүхний оролцоо туйлын чухал. Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл, малын үржил-селекцийн ажилд биотехнологийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологи, инновацыг ашиглан олон найрлагт малын тэжээл үйлдвэрлэх, байгальд ээлтэй технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байна.


Мөн малын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар, мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд ашигладаг 60 гаруй нэр төрлийн эм, биобэлдмэл, оношлуурын технологийг үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлээд байна. Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарлагдсан бүсийг байгуулах, түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ цэн, экспортыг нэмэгдүүлэх, орон нутаг ажиллах мэргэжилтнүүдийн цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэн тогтвортой ажиллуулахад Засгийн газар онцгойлон анхаарна. Цаашид уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, тооноос чанарт шилжих асуудалд анхааран ажиллана" гэжээ. 


Чуулганд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг сайжруулахад мал аж ахуйн салбарын үүрэг оролцоо, тус салбарт баримтлан хэрэгжүүлж буй гол бодлого, зорилтын талаар мэдээллээ. Тухайлбал,

  • Малчдын нийгмийн асуудлыг сайжруулж, малын ашиг шим, чанарыг нэмэгдүүлэх,
  • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, усан хангамжийг сайжруулах,
  • Газар тариалангийн бүс нутгийг түшиглэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх,
  • Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, 
  • Олон улсын стандартын шаардлага хангахуйц олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай цогцолбор, паркуудыг дунд хугацаанд байгуулах,
  • "Биокомбинат” үндэсний үйлдвэрлэлийг шинэчлэх зэрэг бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав
Холбоотой мэдээ