ХӨСҮТ cүрьеэгийн далд халдварыг илрүүлэх шинжилгээг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-25 15:10:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ cүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг анх удаа нэвтрүүлж эхэллээ.

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг /СҮСН/ нь ХӨСҮТ-тэй хамтран 2020-2021 онд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОИКА-гийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл уг төслийг 2022-2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж, дөрөв дүгээр сарын 11-нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ, "Халдварт өвчнөөс сэргийлэх, хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах эрсдлийг бууруулахад байдаг. Ялангуяа сүрьеэ өвчний үед түүний ойрын хавьтлуудыг илрүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулах, хяналтад оруулах, эрүүлжүүлэх нь тандалт сэргийлэлтийн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх юм.

Сүрьеэ өвчин архаг явцтай, урт хугацааны эмчилгээ, хяналт хийгддэг, ойрын хавьтлуудыг 2-3 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн давтамжтай үзлэг, шинжилгээнд хамруулахад хүн хүч, орчин үеийн шинэ технологи бүхий тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт хийж байгаа нь хэд хэдэн чиглэлээр ихээхэн ач холбогдолтой болж байна. Тухайлбал, үйлчлүүлэгчийн амьдарч буй гэрт хамгийн ойр ӨЭМТ, хороонд очиж үйлчлэх, мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ирэх боломжгүй алсалсан болон хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, урт хугацааны асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд гэрт нь хүрч үйлчлэх үйлчилгээг шинээр эхлүүлэхийн зэрэгцээ, сүрьеэгийн халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээг нэвтрүүлснээр иргэдэд чирэгдэлгүй, олон удаа эмнэлэгт ирэх тоог бууруулах зэргээр үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл улам бүр сайжирч байна.

Сүүлийн 8 жилийн хугацаанд хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гардан ажиллаж байгаа НЭМГ, Нийслэлийн төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүрьеэгийн диспансер, ӨЭМТ, хороодын дарга, удирдлага, эмч, ажилтанууд болон бидний хүрч чадахгүй орон зайг гүйцээж хамтран ажиллаж байна” гэв.


Интерферон-гамма тодорхойлох шинжилгээг нэвтрүүлснээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 18 хүртэлх насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна. Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм. 




Холбоотой мэдээ