Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-10-26 10:02:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжлийг дэмжих багц хууль 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал мягмар гарагт Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

 

Тус уулзалтаар цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал боловсруулах, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах болон хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулахаар болов.

 

Цаашид энэ чиглэлээр хамтарсан Ажлын хэсгээс хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах чиглэлээ тодорхойлжээ.

 

Тодруулбал:

 

1. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан журмуудын төслийг батлах

 

2. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ажлын хүрээнд: Цахим орчинд хувь хүн өөрийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг зорилтот бүлгүүдийг тодорхойлж, холбогдох сургалтыг зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах аян өрнүүлэх

 

3. Цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулах ажлын хүрээнд: Монгол Улсын хэмжээнд цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдсөн талаарх нэгдсэн статистик тоо, баримт бүхий суурь судалгааг хийх юм байна. 




Холбоотой мэдээ