Хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийг ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-10-31 16:38:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн оюуны өмчийн газрын Ази, номхон далайн бүсийн хөгжлийн төвийн консул Давид Симонс, зөвлөх Барбара Пик, ОӨГ-ын төлөөлөлтэй уулзан, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцов.


"Газар зүйн заалт" гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлдэг. Монгол орны ойн сангийн 5,17 хувийг эзэлдэг хушин ойгоос дэлхийн хуш модны самрын 30 хувийг түүдэг судалгаа бий. Иймд хушин ойн ашиглалт, хамгаалалт, хяналтыг ойн анги, мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөлд гэрээгээр хариуцуулж, татвар, хураамжийг бүрэн авч нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зохицуулалт бүхий журмын төслийг талуудын оролцоотой боловсронгуй болгох шаардлагатайг БОАЖЯ мэдээллээ. 


ДОӨГ-ын судлаачид хушин ойн өнөөгийн байдлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд цаашид газар зүйн мэдээлэлд бүртгүүлэхэд Оюуны өмчийн газартай хамтарч ажиллахаар болжээ.

 

Холбоотой мэдээ