ЗАВХАН: Санхүүгийн дэмжлэг авсан үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-03 18:42:31

Завхан /МОНЦАМЭ/Тус аймаг 24 сумын 170 иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 300 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогоор дэмжлэг үзүүлэх. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой өдөрлөг Улиастайд амжилттай боллоо.

Өдөрлөгт 24 сумын 120 гаруй үйлдвэрлэл эрхлэгч 22 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 24 сумын 24 үйлдвэрлэгч, аймгийн хэмжээнд гурван шилдэг үйлдвэрлэгчийг шалгаруулж урамшууллаа. Мөн үеэр зөөлөн болон хатуу оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 24 сумын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 20 гаруй иргэний бүтээлүүдээр загварын шоу зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хуваарилсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022-2023 онд хэрэгжүүлэх “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн долоон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, энэ онд аймгийн хэмжээнд аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт 32 иргэн хамрагдсан байна.

Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд малчдыг малжуулах ажилд 24 сумын 58 өрх санхүүгийн дэмжлэг авч, 116 хүнийг ажлын байраар хангаад байгаа. Харин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хоёр хүн, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 20 иргэн хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дөрвөн аж ахуйн нэгж оролцохоор саналаа ирүүлсэн.





y


Ер нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, үйлдвэрлэл явуулахаар төслөө ирүүлдэг иргэдийн тоо жил бүр өсөж байгаа нь статистик судалгаанаас харагддаг. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх долоон хөтөлбөр иргэн бүрт нээлттэй зарлагддаг. Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан үйлдвэрлэгч, иргэдийг дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх нь их чухал юм гэдгийг энэ удаагийн өдөрлөгийн үеэр үйлдвэрлэгчид хэллээ.

Тиймээс цаашид “Хөдөлмөр эрхлэлт-ажлын байр" хөдөлмөрийн өдөрлөг, үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан иргэдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлах. Өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогоор дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг уламжлал болгоно гэж Завхан аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 






Холбоотой мэдээ