Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 15:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.


Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулахдаа, “Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 1-ний хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, “D.Parliament.mn” цахим системээр 10 иргэний 13 санал ирсэнтэй танилцсан” гэлээ.


Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж буй төрийн захиргааны албан хаагч 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй аж. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгааг хэрхэн ойлгох, аймгийн төвийн сумын ЗДТГ-т жиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах эсэх талаар асуулт асууж, хариулт авчээ.


УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т тасралтгүй ажиллаж буй төрийн захиргааны албан хаагч 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж тусгахаар суманд ажиллаж байгаа ИТХ-ын ажлын албаны албан хаагч болон аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагч хамрагдахгүй байгаа талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн талаарх Засгийн газрын байр суурийг харгалзан үзэх, албан хаагчдад сар бүрийн цалин дээр тогтмол олгох нэмэгдэл нь 1 удаагийн шинжтэй мөнгөн урамшуулал, тэтгэмжээс илүү үр дүнтэй, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, шаардлагатай холбоотой асуудлыг хамтад нь шийдэх боломж бий эсэх, цаашид ямар бодлого баримтлах талаар тодруулав.


Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарзоригТөрийн албаны шинэтгэлийн хүрээнд цалин хөлсний иж бүрэн шинэчлэлийг үе шаттай судалж оруулж ирсэн. Энэ онд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 15 ангилал зэрэглэлтэй, дотроо шатлалтай байсныг багасган, хамгийн их шатлалаар нь цалинг нэмэхээр тусгаад байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ажилласан жилийн нэмэгдлийг 5 жилээр тооцдог байсныг эхний жилээс эхлэн тооцох зохицуулалт бий болгож байна. Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний нэмэгдэл олгох гээд олон багц асуудлыг энэ удаагийн төсвийн хуулийн хамт шийдэхээр тусгасан. Орон нутагт төрийн захиргааны албан хаагчийн ажиллах нөхцөл хангалтгүй, орчин үеийн тоног төхөөрөмжгүй, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байна. Иймд дээрх асуудлыг үе шаттай шийдэх захиргааны шинэтгэлийн реформын үе шат эхэлж байна гэв.


Эцэст нь санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ