Хятад улс шинэ үеийн зөөгч пуужингаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-11-10 12:02:43

ЖУХАЙ. /Xinhua/. Хятад улс өмнөд Гуандан мужийн Жухай хотод болж буй “Airshow China” олон улсын нисэх, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр сарыг судлах үндэсний хөтөлбөртөө зориулсан шинэ үеийн зөөгч пуужингаа танилцуулжээ. 


Хөөрөх үеийн жин нь 2100 тонн уг зөөгч пуужингийн урт нь 90 метр ажээ. Сарны тойрог зам дээрх даац нь 27 тонн бол дэлхийн орчмын тойрог замд 70 тонн гэнэ.


Энэхүү зөөгч пуужингийн тусламжтайгаар анхны жолоодлогот нислэгийг 2027 онд хийхээр төлөвлөж байна гэж Хятадын зөөгч пуужингийн технологийн академийн төлөөлөгч Жао Синго мэдэгджээ. Түүний хэлснээр, үзэсгэлэнгийн үеэр мөн хүнд даацын шинэ зөөгч пуужингийн загварыг танилцуулж байгаа бөгөөд уг пуужин нь дэлхийнхээс сарных руу шилжих тойрог замд 50 тонн хүртэлх, Ангараг гаргийн шилжилтийн тойрог замд 35 тонн, дэлхий орчмын тойрог замд 150 орчим тонн ашигтай ачаа хүргэх чадалтай байх аж. Энэ зөөгч пуужин нь бүтээх шатандаа байгаа бөгөөд анхны хөөргөлтийг 2030 онд хийхээр төлөвлөж байна гэж Жао Синго хэлсэн байна.


Бээжин цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуул, мөн сарыг судлах технологийг боловсруулан үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Хятадын эрдэмтэд мөн солир, Ангараг гаргийг судлах төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлж байна. Тус улсын сансрын станцын төсөл мөн тойрог замд хэрэгжиж байгаа билээ.

Холбоотой мэдээ