Малайзын шигшээ багийн "Онцлох" тоглогч Чунь-Хон Тинг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-10 15:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2025 оны Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөx "D" хэсгийн тоглолтууд энэ сарын 10-14 өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

 

Манай үндэсний шигшээ баг D хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам, Таити гэсэн 4 орны багтай хамт багтсан бөгөөд эдгээр 4 орны шигшээ багаас тус бүр нэг тоглогчийг МСБХ-ноос онцлон танилцуулж байгаа юм. Өмнө нь Вьетнамын шигшээ багийн довтлогч Justin Young-г онцолсон бол энэ удаа Малайзын шигшээ багийн довтлогч Чунь-Хон Тинг /Chung Hong Ting/-ийг онцоллоо.

 

Малайзын шигшээ баг нь FIBA-гийн чансаанд 117 дугаарт бичигддэг. ДАШТ-д түүхэндээ 1 удаа, Азийн АШТ-д 24 удаа оролцож байсан. Тивийн аваргад үзүүлсэн оргил амжилт нь 1977 болон 1985 онд нутагтаа зохиосон Азийн аваргад 4 дүгээр байрт орж байсан.

 

Cүүлийн 2 удаагийн тивийн аваргад эрхээ авч чадаагүй. Харин Зүүн Өмнөд Азийн АШТ-ээс түүхэндээ 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медалийг хүртэж байсан бол Зүүн Өмнөд Азийн Наадмаас 2 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна.

 

Сүүлийн жилүүдэд бүсийнхээ тэмцээнүүддээ Филиппин, Тайланд, Индонез гуравтаа даруулсан гээд хэлчихэд болно. Энэ нь Малайзын шигшээ багийн үе солигдсонтой холбоотой. Одоо бүрэлдэхүүнд байгаа тоглогчид дунд 1990 оноос өмнө төрсөн тоглогч байхгүй гэдэг үүний нотолгоо.

 

Мөн багийн лидер болон гол тоглогчид нь 1996, 97 онд төрсөн залуучууд байгаа нь Малайзын сагсан бөмбөгийн шинэ үе гарч ирснийг бүрэн илтгэнэ. Энэ шинэ үеийн тод төлөөлөл бол Chung Hong Ting юм.

 

Тэрбээр 1996 оны 5 дугаар сарын 8-нд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод төрсөн. Улсынxаа өсвөрийн тэмцээнүүдэд гялалзаж, авьяас чадвараараа үеийнхнээсээ хол тасархай илүү байсан түүний хувьд анх 20 насандаа үндэсний шигшээ багтаа дуудагдан ах нарынхаа хамтаар Зүүн Өмнөд Азийн АШТ-д оролцсон.

 

Тус тэмцээнд 6 тоглолтод оролцоxдоо 12.7 оноо дунджилж Олон улсын тавцанд өөрийгөө батлан харуулсан юм. Улмаар 2017 оноос хойш шигшээ багийнхаа хамтаар бүсийн болон тивийн чанартай олон тэмцээнд оролцож багагүй туршлагыг хуримтлуулаад зогсохгүй оролцсон тэмцээн бүртээ багаа оноо авалтаар тэргүүлжээ.

 

Хамгийн сүүлд өнгөрсөн зун болсон Зүүн Өмнөд Азийн наадамд 6 тоглолтод оролцож, 16 оноо, 7.1 самбар, 3 оновчтой дамжуулалтыг дунджилжээ. Мөн ердөө ганцхан долоо хоногийн өмнө буюу 10.30-нд Filbasket Олон улсын лигийн тэмцээнд /Филиппин, Индонез, Малайз, Сингапур, Бруней гэсэн 5 орны мэргэжлийн 10 багийн дунд зохиогддог лигийн тэмцээн/ "Harimau Malaysia" багийнхаа хамтаар түрүүлсэн бөгөөд билэгдлийн багт нэрлэгдэж тус тэмцээний MVP-ээр тодорсон торгон формтой Монголд ирээд байгаа юм.

 

 Малайзын үндэсний шигшээ баг маргааш хэсгийн эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийх хуваарьтай байгаа. 

Холбоотой мэдээ