Суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-10 16:17:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төсөлд “Сумын болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” хэмээн заасан. 


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан төрийн захиргааны албан хаагч, тэр дундаа төрийн үйлчилгээний албан хаагч энэхүү хуулийн хүрээнд хамрах эсэхийг тодруулсан. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн эл асуултад “Бүх сум ялгарлалгүй хамрагдсан. Сумын захиргааны жинхэнэ албан хаагч бүгд хамрагдана гэсэн үг. Мөн нийслэлийн Багахангай, Багануур дүүргийг хамарна. Харин Налайх дүүрэг зарчмын зөрүүтэй саналаар явж байгаа. Хуулийн төслийн үзэл баримтлал нь суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд чиглэсэн. Багш, эмч, соёлын ажилтнууд өөрсдийн хуулиар зохицуулагдана” гэлээ.

Холбоотой мэдээ