ДАРХАН-УУЛ: Үндэсний бичгийн түргэн уншлагын уралдаанд Б.Анударь тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-11 18:00:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол хүний үнэт өв, үндэсний дархлаа болсон үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, хэл бичгийн бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол бичиг - Монгол бахархал" түргэн уншлагын уралдаан зохион байгууллаа.


Уралдааныг ЕБС-ийн есдүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулж, найман сургуулийн 88 сурагч оролцож, өгөгдсөн сэдвүүдээс минутын уншлага хийжээ.

Уншлагын нийлбэр дүнгээр 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн Б.Анударь тэргүүлсэн бол удаах болон шагналт байруудад “Оюуны-Ирээдүй” цогцолборын 9-13 ангийн сурагч Ж.Хүслэн, есдүгээр сургуулийн сурагч Г.Даваадулам, Б.Анхзаяа, Г.Тэлмэн нар шалгарчээ.

Түргэн уншлагын уралдаанд үндэсний бичгээр хэвлэн гардаг “Хүмүүн бичиг” сониныг ашиглажээ. ЕБС-ийн сургууль бүр МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалан сургалтын хэрэглэгдэхүүн болгодог. Ингэхдээ танил болон танил бус сэдвүүдийг уншиж уралджээ. Сурагчид танил сэдвээс 130-150 үгийн хооронд уншсэн бол танил бус сэдвээс нэг минутад 50-80 үг уншжээ.

 


Төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн: Төв  номын сангаас соёлын бүтээлч сарын аяны хүрээнд долоо хоног бүр тодорхой сэдвийн хүрээнд ажлуудаа төлөвлөн соёл, өв уламжлалаа сурталчлан таниулж байна. Эхний долоо хоногт  “Гэр бүлийн  үнэ цэн, ёс заншил” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бол хоёр дахь долоо хоногийг үндэсний бахархал буюу бүх нийтийн боловсрол сэдвийн дор үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичиг үсгийг сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд тусгагдсан нэг ажил нь түргэн уншлагын уралдаан байсан. Уг уралдаанд ЕБС-ийн есдүгээр ангийн сурагчид идэвхтэй сайн оролцлоо. Бидний зохион байгуулж буй ажилд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд идэвхтэй хамрагдаж, үндэсний өв, соёлоо танин мэдэх, хамтран зохион байгуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжиж буйд талархсанаа илэрхийлье.


Сурагчид зөвхөн уншиж сурахаас гадна бичлэгийн төрлөөр дагнан хичээллэх сонирхолтой болсон. Ингэснээр өөрийгөө нээх, хөгжүүлэхэд хувь хүний хичээл зүтгэл багш нарын дэмжлэг ихээхэн нөлөөлдөг тухай түргэн уншлагын уралдааны тэргүүн байрын эзэн Б.Анударь хэлж байлаа. Мөн монгол хүнийг тодорхойлж буй чухал өв соёл нь үндэсний бичиг гэж боддог. Бүх хүүхдэд сурч мэдэж, өөрийгөө сорьж үзэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ