Худалдах махыг гарал үүслийн бичгээр баталгаажуулахыг үүрэг болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-24 13:41:56

Онцын шаардлагагүй тохиолдолд малчдын отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх үүргийг сумдын Засаг дарга нарт өгсөн байна.

Өнгөрсөн сард Цагаандэлгэр сумын нутагт хонины цэцэг өвчний голомт үүсч, улмаар Баянжаргалан, Говь- Угтаал, Өндөршил сум болон  аймгийн төвийн ойролцоох нутагт өвчний тохиолдол гараад байгаа юм. Өвчний тархалт зогсохгүй байгаа тул хэд хэдэн арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Үүнд, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, өөрийн  нутаг дэвсгэрт байгаа хонин сүрэг нэг бүрт үзлэг, угаалга хийж, вакцин хийх шаардлагатай хонь, хурганы тоог нарийвчлан гаргах, өвчний шинж тэмдэг бүхий мал илэрсэн тохиолдолд яаралттай тусгаарлаж, зааврын дагуу арга хэмжээ авах, өвчтэй бүсээс мал мах, малын  гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байхад хяналт тавьж, зах зээлд борлуулах мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичгээр баталгаажуулах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Мөн онцын шаардлагагүй тохиолдолд малчдын отор нүүдлийг хязгаарлаж,  өөр аймаг, сумын нутгаас оторлон ирж байгаа мал сүрэгт үзлэг хийж нягталсаны үндсэн дээр өөрийн нутагт оруулахыг даалгасан байна.

Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчний тохиолдол гарснаас хойш өвчний голомт үүссэн 4 цэгт 300 шахам мал устгаж, 5 сумын 940 гаруй малчин өрхийн 333 мянга шахам хонь, хургыг вакцинжуулаад байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ