ХӨВСГӨЛ: Архивын тасгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-15 11:52:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар Хууль, эрх зүйн хэлтсээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад иргэдэд учрах хүндрэл бэрхшээл, ажлын уялдаагүй, зөрчилтэй, хийдэл, давхардал, үйлчилгээний тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бууруулах, олон үе шат дамжлагыг багасгах зорилгоор “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аяныг  өрнүүлж байна.

Аяны хүрээнд 2017 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Архивын тасгийн болон албан хаагчдын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн байна.


Архивын тасгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилснээр 1931 оноос хойш хадгалагдаж байгаа аймгийн төв архив, архивын сан хөмрөг үүсгэгч байгууллагуудын баримт, материалыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх төдийгүй албан хаагчийн ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Архивын тасаг нь 8 төрлийн үйлчилгээг жилд дунджаар 2700 иргэнд хүргэн ажиллаж байна.

 

 Мөн “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аянд нэгдэж, архивын үйлчилгээний хураамжийг төлөхийн тулд иргэд заавал банканд өөрийн биеэр очиж дугаарлан тушаадаг байсан үйлчилгээг хялбаршуулах зорилгоор архивын байранд “банкны посс машин”-ыг ажиллуулснаар иргэд банкны картаараа газар дээр нь хураамжийг төлж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Холбоотой мэдээ