ЗАВХАН: Сумын Эрүүл мэндийн төв стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-15 18:28:37

Завхан/МОНЦАМЭ/. Нөмрөг суманд 160.2 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад оржээ.

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан ба БНСУ-ын Олон улсын Хамтын ажиллагааны КОЙКА байгууллагуудын хамтын дэмжлэгээр сумын эмнэлгүүдийг ариун цэврийн байгууламж, халуун устай болгох төсөл хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Завхан аймгийн Нөмрөг суманд нийт  160,209,278 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулаад байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр болон бусад холбогдох хүмүүс Нөмрөг суман дахь байгууламжтай газар дээр нь очиж, төслийн үр дүнтэй танилцлаа. 

Нөмрөг сумын Эрүүл мэндийн төв нь жилдээ 6600 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. 

Хөдөөгийн сумын эрүүл мэндийн төв стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болсноор өвчтөнүүд халуун усанд орох, орчин үеийн шаардлага хангасан эко 00-д бие засах боломжтой боллоо. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж, тав тух ихээхэн дээшилсэн гэдгийг албаныханд дуулгаж талархал илэрхийллээ.

Мөн эмч, ажилчдын ажлын байрны тав тух ч нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээний чанар ч сайжирчээ. Энэхүү байгууламж нь эко цэвэрлэх байгууламжтай бөгөөд өвлийн улиралд хэрхэн ажиллаж буйг газар дээр нь очиж танилцсан багийнхан болон донор байгууллагуудын төлөөлөл төслийг үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэлээ. Цаашид ЭМЯ-наас донор байгууллагуудтай хамтран хөдөөгийн сумдын эрүүл мэндийн төвүүдийг стандарт хангасан эко ариун цэврийн байгууламжтай болгох энэхүү төслийг өргөжүүлэхээр болсон гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Ташрамд, энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 21 сум ариун цэврийн байгууламж болон халуун устай болоод байгаа аж. 

Холбоотой мэдээ