ӨВ СОЁЛ: Зүү ороож оёсон бүтээл бүр минь үнэ цэнтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-21 19:07:01

Завхан/МОНЦАМЭ/. Монголчууд бид эртнээс дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц хийц, онцлог шинж чанарыг агуулсан ээтэн гутлыг өмссөөр ирсэн. Тэгвэл уламжлалт өв соёл болох уран хатгамлын төрөл зүү ороох оёдлоор чимэглэж урласан, монгол гутал үйлдвэрлэгч Тосонцэнгэл сумын иргэн О.Жаргалмаатай уулзаж ярилцсанаа хүргэе.

 

-Зүү ороож оёсон монгол гутал маш их цаг хугацаа ордог уу?

-Уламжлалт технологиор нэг монгол гутлыг оёход 7-10 хоногийг зарцуулна. Харин монгол гутлынхаа угалз бүрийг зүү ороож оёвол нэг гуталд 3-6 сарыг зарцуулдаг. Угалзныхаа тоо хэмжээнээс шалтгаалаад шүү дээ. Бага угалзтай гутлыг гурван сар гаруй л оёно гэсэн үг. Монгол гутал нь 8-64 угалзтай байдаг. Тиймээс угалзныхаа тооноос хамаарч оёдлын хугацаа янз бүр. Харин угалзны тооноос хамаарч үнэ нь харилцан адилгүй хэлбэлздэг. Маш их цаг хугацаа, хөдөлмөр, ур, сэтгэл шингэж гардаг бүтээл болохоор хүнээс чадвар, тэвчээр шаарддаг шүү.


-Захиалгаар оёдог уу. Эсвэл олон тоогоор үйлдвэрлэж байна юу?

-Миний хувьд өөрийн сонирхлоор оёдог болохоор үнэхээр аз жаргалтай үйлдвэрлэгч гэж хэлж болно. Одоогоор захиалгаар гэртээ оёдог.


-Ингэхэд зүү ороох оёдлыг анх хэрхэн сурч байв. Дурлаж оёдог гэж хэллээ?

-Тийм ээ. Миний эмээ их сайхан хатгадаг, ялангуяа ээж маань зүү ороох оёдлыг их сайхан хатгадаг. Ер зүгээр суудаггүй, байнга л оёж хатгаж суудаг байлаа. Ямар нэг зүйлийг оёхдоо заавал зүү ороож оёсон хээ угалз, чимэглэлийг оёно. Тэгээд хүүхэд байсан болохоор их шохоорхоно. Ингээд л хүүхэд байхдаа ээжээрээ заалгаж, зүү ороох хатгамалд дурласан даа. Би өөрийгөө аз жаргалтай үйлдвэрлэгч гэж боддог. Учир нь уран хатгамалд дурлаж, сонирхож, судалдаг болохоор гутал урлахаас хэзээ ч татгалздаггүй. Уг нь би англи хэлний багш мэргэжлээр их сургууль төгссөн. Мэргэжлээрээ ажиллах боломж байсан ч нутагтаа ирээд өөрийнхөө дурлаж, сонирхдог уран хатгамлыг ажлаа, амьдралаа болгосон.

Ер нь зүү ороож оёно гэдэг өөрөө их тайвшралыг өгдөг, улам л дурлуулдаг зүйл шүү дээ. Монголчууд бид ийм хосгүй үнэт өвийг тээж, өвлүүлж яваа гэж бодохоор улам л дурладаг. Монголчуудын үнэт өв соёл болох хатгамлын олон төрөл байдгийг судалж мэдсэн.

Тодруулж хэлбэл, зүү ороох, хонин холбоо, цоолбор хатгамал, шивүүр хатгамал, шигүү задгай хатгамал, зээг даруулан оёх, захлах оёдол, нохойн шүд хатгах, загасан нуруу оёх гээд. Хатгамал бол хүн хувцас урлах болсон цагаас эх үүсвэр нь тавигдсан. Хатгамал, наамал болон бусад чимэглэх урлал Монголд тасралтгүй хөгжиж байгаа нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулж ирсэн өв тээгчдийн ач гавьяа гэж боддог шүү.

Тиймээс л уран хатгамал дэвсгэр, өнгө зохицол, хээ зэргээс бүрддэг бөгөөд эд бүгд үндэсний зан заншилтай холбоотой гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хатгамлын олон төрөл нь тус бүр өвөрмөц онцлогтой. Бүр тодруулбал зүү ороох хатгамал нь уран үйлийн хамгийн нарийн төвөгтэй боловч тун гоёмсог урлал юм. Уран үйл нь хүнийг тэвчээр хатуужил, нягт нямбай ажиллагаанд сургадгийг би одоо л мэдэрч байна. 

 

–Зүү ороох оёдол нь маш уран нарийн байдаг юм шиг?

-Тийм ээ. Зүү ороох хатгамал нь үндэсний уран хатгамлуудаас хамгийн нарийн төвөгтэй боловч гоёмсог, тансаг хатгамал. Үндэсний уран хатгамал нь тус бүр өөр өөр зориулалттай байдаг. Тухайлбал, зүү ороох болон хонин холбоо оёдол нь үндэсний хээ угалзыг өнгийн дагнаас гарган оёход зориулагдсан бол загасан нуруу оёдол нь даалин, хавтага зэргийг нийлүүлэн оёход илүү зохимжтой. Эдгээр хатгамлыг торго, пүүсүү, минчүү, чисчүү, цэмбэ, драп, одончуу материал дээр оёдог. Харин сүүлийн үед арьс болон хээтэй торгон дээр донжийг нь тааруулан оёж байна.

 

-Зүү ороох оёдлын онцлог нь юу юм бол. Их бат бөх байдаг гэж сонссон?

-Өдөр бүр хатгадаг, зүү ороох оёдол, Монголын хатгамлын тухай багш мэргэжилтэй болохоор их судалж, уншдаг.  Тэгэхлээр зүү ороох оёдлын хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт нь өнгийн дагнаас гарган зүү ороох оёдол байна. Энэ оёдлыг эрчтэй торгон утсаар гурваас таван өнгийн дагнаас гарган оёдог. Нэг зүү, хоёр утсаар оёх бөгөөд ороох утас нь бүдүүвтэр, даруулж оёх утас нь ороох утастайгаа ижил өнгөтэй, нарийн утас байдаг. Харин хоёр дахь нь хөөмөлтэй зүү ороох оёдол гэж байна. Энэ нь эрчтэй утсаар голын утсаа давуулан хоёр талд нь ээлжлэн зүү ороож хатгахыг хэлж байгаа юм. Зүү ороох оёдлын онцлог нь дээр хэлсэнчлэн энгийн ба хөөмөлтэй хоёр аргатай. Нэг зүү, хоёр утсаар оёдог. Оёх утас нарийн, ороох утас бүдүүн байна. Гурваас таван утсаар өнгийн дагнаас хийдэг. Оёдол нь гоёмсог мөртөө, бат бөх байдаг. Даруулж оёх утас нь ороох утастайгаа ижил өнгөтэй, нарийн байдаг онцлогтойг судалж мэдсэн.

 

-Зүү ороох оёдлыг яагаад заавал монгол гутал, цүнх гээд арьсан дээр оёхыг сонгов?

-Миний ээж, аав, эмээ гээд ер нь гэр бүлээрээ их уран хүмүүс. Ялангуяа миний эмээ загасан нуруу оёдлыг маш сайн хатгадаг, хатгамал их сайхан хатгадаг байсан. Тиймээс л хатгамал сурч, зүү ороох оёдлоор монгол гутлын угалзыг оёж эхэлсэн. Ер нь ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан, Их гүрний үед одоогийн хэлбэр, загварт оруулсан гэдэг юм билээ.

Монгол гутлын ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар нь хөлийг өвлийн улиралд дулаан, зунд сэрүүн байлгах зориулалттай гэж эмээ ярьдаг байсан. Мөн толигор ул нь газар шороо сэндийчихгүй, ургамал амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээсэн байдгийг ч судлаач түүхчид хэлсэн байдаг.

Ээтэн монгол гутлыг өнөө хэр нь уран гартай гуталчид үндэсний хээ хуараар хослуулан урлаж, монголчууд гоёсоор байна. Миний аав, ээж гэрээрээ олон жил монгол гутал оёж байна. Харин миний хувьд хүүхэд байхаасаа л монгол гутал оёход нь тусалдаг байгаад, 2017 оноос эхлэн өөрөө бие даан тасралтгүй оёж байна. Одоо зүү ороож оёсон угалз, хээтэй даалин, монгол гутал, гөлөм, цүнх, бүс, хавтага гээд арьсаар урласан бүхий л эдлэлдээ зүү ороох оёдлыг шингээж урлаж байгаа.

 

-Зүү ороож оёсон бүтээгдэхүүн нь харьцангуй өртөг өндөр байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Энэ хатгамал маань маш их цаг хугацаа ур чадвар шаарддаг. Монгол гутал бол хатуу оёдолтой. Гуталтайгаа хамт оёход дан гар хийцтэй учир хийхэд цаг хугацаа их шаарддаг. Битүү угалзтай нэг гутлыг гурваас зургаан сар хийдэг гээд боддоо. Нарийн төвөгтэй ажиллагаатай учир массаар буюу олноор нь үйлдвэрлэх боломжгүй, зөвхөн захиалгаар л хийнэ. Том хэмжээний бүтээлийг зүү ороож оёход жаахан хүндрэлтэй. Учир нь энэ оёдол өөрөө гарын алганд багтаж байж уран, чамин харагддаг онцлогтой. Гэхдээ хатгамалч өөрөө л хичээгээд хийх юм бол болохгүй зүйл байхгүй л дээ. Харин ч хүмүүс миний бүтээлээс монгол хатгамлын гайхамшиг, өв соёлыг мэдрэх нь, бас өөрөө дурлаж, учиг бүрт сэтгэл шингэдэг болохоор л сайхан. Бас зүү ороож оёсон бүтээл бүр минь үнэ цэнтэй байдаг.

 

-Таны урласан зүү ороож оёсон монгол гутал хэчнээн төгрөгийн өртөгтэй вэ?

-Зүү ороож хатгасан чимэглэлтэй монгол гутлыг 800-1.5 сая төгрөгөөр борлуулдаг. Мөн надад 10 сая төгрөгийн үнэтэй гутал ч бий. Үнэ цэнтэй гутлын захиалга ер тасардаггүй шүү. Орон нутгийнхнаас, Улаанбаатар хот, хилийн чанадаас гээд захиалга ихтэй байдаг.

-Монгол гутлын угалзад их учир байх шиг байна уу?

-Тийм шүү. Монгол гутал өөрөө их бэлгэдлийн гутал. Угалзны хээг эхлэлээс нь төгсгөл хүртэл тоолдог. Монгол гутал 8-64 угалзтай, цулгуй гэж байдаг. Угалзны хээг эхлэлээс нь төгсгөл хүртэл тоолно. Өөрөөр хэлбэл угалз бүрийг нэгээр жирэм угалзыг хоёроор, жирэм угалзаас доош унжиж салаалсныг тус бүрд нь нэг нэгээр тоолно. Залуу хүн нэг их олон угалзтай гутал өмсдөггүй учиртай гэж хууччуул ярьдаг шүү дээ. Жишээлбэл, 40 угалзтайг ахмад хүн, 64 угалзтайг өндөр настан өмсдөг учиртай. Дээр үед өмсөж буй гутлынхаа угалзаар нь нас, зиндааг нь тодорхойлдог байж. Тухайлбал, цолтой бөхчүүд насандаа тохируулж угалз оёулдаг. Харин залуу бөхчүүд угалзгүй гутал өмсдөг. Зүү ороож оёсон гутлыг дээр үед хошуу ноёноос дээш цолтой, төрийн алба хашдаг хүмүүс өмсдөг байсан байгаа юм. Харин малчид цулгуйг хэрэглэдэг. Монгол гутал нь урт настай, эдэлгээ удаантай. Хүүхэд нэг настайгаасаа өмссөн гутлаа дүүдээ өгдөг, дүү нь дараа дараагийн дүү нартаа дамжуулдаг ийм сайхан уламжлал манай монголчуудад бий шүү дээ.

Тиймээс аав, ээжээсээ өвлөж авсан, ардын уламжлалт гар урлалын нэг болох соёлын үнэт өв, зүү ороох хатгамлын тухай илүү судалж, мэдэж, сурч авахыг залуучууддаа уриалж байна. Хосгүй нандин урлалаа чадвал хүн бүр сайн сурч, үр хүүхэд, охид, хойч үедээ уламжлан үлдээхийг хүсэж байна. Энэ бол монгол эмэгтэй хүн бүрийн үүрэг байх гэж боддог шүү.

-Танд баярлалаа.



 

Холбоотой мэдээ