МИАТ: Франкфурт руу долоо хоногт 2 нислэг үйлдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-22 14:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Германы Франкфурт хотын чиглэлд зун долоо хоногт 6 нислэг, өвөл 2 нислэг үйлдэж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Франкфурт хот руу 7 хоног бүрийн лхагва, бямба гарагт нислэг үйлдэж байна. Энэ нь өвлийн цагийн хуваарь бөгөөд аялал жуулчлалын улиралд 7 хоногт 6 удаа буюу пүрэвээс бусад гарагт шууд нисдэг байна. Франкфурт чиглэлийн тийзний 2 талын үнэ 2.5 сая төгрөгөөс эхэлж буй талаар мэдээллээ.

Үүний өмнө МИАТ ТӨХК нь Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны гуравдугаар сараас зогсоосон юм. Улмаар Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж байна.


Франкфурт хот нь Европ төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн тоонд зүй ёсоор ордог тул бизнес аялагч нарт хамгийн сонирхолтой хот, Европ болон Герман улсын төвд оршдог учраас аливаа тээврийн (агаарын зам, төмөр зам болон авто зам ) хамгийн том төв цэг болдог байна.


Франкфуртын төв галт тэрэгний буудал нь Европдоо хамгийн том терминал буудал бөгөөд Герман улсын төмөр замын Deutsche Bahn-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европийн хотууд руу үйлчилдэг тул МИАТ компанийн Франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа Deutsche Bahn-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болох талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ.   

Холбоотой мэдээ