Чингис хааны байгуулсан гавьяа, дэлхийн түүхэнд үлдээсэн өвийг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-11-23 20:35:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурлыг Япон-Монголын төвд өнөөдөр зохион байгууллаа.


МУИС-ийн Түүхийн болон Монгол хэл, шинжлэлийн тэнхимээс зохион байгуулсан энэхүү хурал, хэлэлцүүлгийн үеэр Эзэн Чингис хааны байгуулсан гавьяа, дэлхийн түүхэнд үлдээсэн өвийг монголчууд тодруулан судалж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг эрдэмтэн судлаачид онцлов. Чингис хаан судлалыг дэлхийн олон улсад бодлогоор дэмжин ажилладаг. Манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулан музей байгуулан ажиллаж буй.


Цаашид Чингис судлалыг зөвхөн шинжлэх ухааны байгууллагад даатгаад орхих биш төрийн бодлогын түвшинд авч явах шаардлагатайг зарим судлаач хөндөж байна.


Энэ үеэр МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор, доктор П.Дэлгэржаргал “Чингис хааны эрин” сэдэвт илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Чингис хааны үзэл санаа, сэтгэлгээг судлах, сурталчлан таниулах талаар их зүйл хийх шаардлагатай байна. Чингис хаан болон Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр таниулах, шаардлага тулгарч байна. Сүүлийн үед Нийгмийн ухааны онол арга зүйн шинэ хандлага хөгжиж, нүүдэлчдийн түүхийг үнэлэх асуудалд шинэлэг байдлаар хандах болсон нь Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг эерэг талаас нь үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө асар их юм” хэмээн дурдав.


МУИС-ийн Монгол хэл, шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс “Чингис хаан ба монгол хэл” илтгэлдээ монгол хэл сурах, монгол хэл бүхий орчуулгын толь зохиох ажил Монголын эзэнт гүрний харьяаны улс орнуудад эрчимтэй өрнөж байв. Тухайлбал, монгол хэлийг ханз, араб үсгээр тэмдэглэсэн олон тооны толь бичиг зохиосон, Монголын нууц товчоог ханз үсгээр галиглан тэмдэглэсэн зэрэг нь үүний тодорхой баримт болно гэдгийг дурдсан юм. Тэрбээр, “Монгол бичиг лавтайяа мэдэгдэж байгаагаар 1000 гаруй жилийн түүхтэй төрийн хэргийг залгамжилж яваа бичиг юм. 1246 онд Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидалд Гүюг хааны тамгыг монгол бичгээр тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг монгол бичгийн тигээр тэмдэглэсэн байдаг. Тэртээх 800 жилийн өмнө монголчууд дэлхийг эзэлж захирч, үйл хэргээ явуулж байсан үед монгол хэл өнөөгийн англи хэл шиг бүх нийтийг татаж байсан. Араб, хятад үсгээр тэмдэглэсэн толь бичиг, монгол хэлийг хүмүүс сурах гэж хичээж байсан баримт бий. Тиймээс энэхүү бахархах түүхийг манай залуус мэддэг байгаасай, чаддаг бол үргэлжүүлээсэй хэмээн энэхүү хурлыг зохион байгуулж байна” гэв.


Хурлын чиглүүлэгч, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэлэхдээ, “Монгол бахархал гэдэг бол бид агуу түүхтэй, хүчирхэг байсан, дэлхийн талыг эзэлж байсан гэж бахархахаас илүү тухайн үеийн оюун санааг хэрхэн авч үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх юм. Ийм зорилгоор түүх, эрдэм судлалын энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой” гэдгийг тодотгов.


МУИС-ийн Түүхийн болон Монгол хэл, шинжлэлийн тэнхимээс энэхүү хурал, хэлэлцүүлгийг жил бүр Монгол бахархлын өдрөөр зохион байгуулахаар төлөвлөжээ.




Холбоотой мэдээ