Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвд нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-25 14:07:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн Женев дэх Элчин сайд нарын уулзалт энэ сарын 24-нд цахимаар болов.


Элчин сайд нар бүлгийн гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудлууд болон удахгүй болох Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хорооны хуралдааны үеэр хэлэлцэх зарим асуудлаар санал солилцлоо. Уулзалтад ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн оролцож, тус төвийн үйл ажиллагаа, НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ДГХБО-уудын дунд зохион байгуулахаар төлөвлөж буй сургалтын талаар танилцуулав.


Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Д.Гэрэлмаа уулзалтад хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар ДГХБО-уудын эрх ашгийг олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамгаалах асуудалд ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд Улаанбаатар хотноо төвтэй ДГХБО-уудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрт хараахан нэгдээгүй байгаа бүлгийн гишүүн улсуудыг тус хэлэлцээрт нэгдэхийг уриалав.

Холбоотой мэдээ