Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн зардалд 13.9 тэрбум төгрөг тусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-25 18:29:54

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос уг сонгуулийн зардалд 13,9 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны батлагдсан төсвөөс 6,6 тэрбум, УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хэмнэгдсэн 1,5 тэрбум, 2016 оны төсөвт тусгасан Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилсан зардлаас 5,8 тэрбум төгрөг тус тус нэгтгэн төвлөрүүлж шийдвэрлэхээр тусгажээ. Байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэх боллоо. 

Мөн хуралдаанаар Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд "New image cast" санал тоолох төхөөрөмжийг ашиглахаар Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн саналыг дэмжлээ.  

Н.Туяа

Холбоотой мэдээ