СЭЛЭНГЭ: Улаанбуудай, төмс, хүнсний ногооны тариалалтыг 10-20 хувь нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-29 23:22:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөлмөр хүчээ зориулан зүтгэж буй иргэд, ААН, байгууллагуудаа дэмжиж, урамшуулан хүч өгдөг “Ургацын баяр” үйл ажиллагааг энэ жил Сэлэнгэ аймаг "Хөдөлмөрийн үр шимийн баяр" нэртэйгээр зохион байгууллаа.

 

Аймгийн төв Сүхбаатар хотод болсон эл үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Ургамал газар тариалангийн ЭШХ-гийн захирал М.Бямбасүрэн, Тариаланчдын холбооны төлөөлөл, Сэлэнгэ аймгийн сумдын засаг дарга нар, тариаланч ногоочид оролцлоо.


Тус аймаг ДНБ-ий 31.3 хувь, улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмс, хүнсний ногооны 29 хувийг дангаар үйлдвэрлэдэг. Энэ ч утгаараа эрүүл аюулгүй хүнсээр ард иргэдийг хангах, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг онцгой үүргийг хүлээдэг.


Аймгийн тариаланчдын хувьд энэ жил үр тариа 131.6 мянган га талбайгаас 183.8 мянган тонн, тэжээлийн ургамал 16 мянган га талбайгаас 28 мянган тонн, тосны ургамал 49.3 мянган га талбайгаас 23.5 мянган тонн төмс, хүнсний ногоо, 5.8 мянган га талбайгаас 93.3 мянган тонныг хураан авсан.


Мөн "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022" нэгдсэн үйл ажиллагаанд 32 нэр төрлийн хүнсний ногоо, 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр оролцож, нийслэлийн иргэдэд хямд, баталгаатай, эрүүл хүнсээр үйлчилж, 204 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилттай ажилласан.


Түүнчлэн Сэлэнгэ аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд 19 зорилтын хүрээнд 44 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал улаанбуудай, төмс, хүнсний ногооны тариалалтыг цаашид 10-20 хувь нэмэгдүүлэх зорилтыг тавиад байна. Үүнд:

-Үрийн аж ахуйтай болох,

-Атар болон тэлж хагалах боломжтой газрын судалгааг сум бүрээр гаргаж, зохих дээд шатны байгууллагуудад өгч шийдвэрлүүлэн, талбайн хэмжээг нэмэгдүүлэх,

-Зоорь агуулгын хэмжээг нэмэгдүүлэх,

Хүлэмжийн аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх зэрэг юм.


Мөн 2022 онд шинээр 30.1 га талбайд чацаргана, үхрийн нүд, алим, чавга, бусад жимс жимсгэнэ тариалж, нийт 39,900 ширхэг тарьц, суулгацыг тариад байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд Агро ойн аж ахуйг байгуулах, жимс, жимсгэний суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


“ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМИЙН БАЯР-2022” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИЛДГҮҮД

 

“Хөдөлмөрийн үр шимийн баяр-2022”-ын шилдгүүдээ тодрууллаа. Сэлэнгийн тариаланчид цаг ямагт хүн ардаа хүнсээр хангах ариун үйлсэд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог онцлогтой.

-Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлээр тэргүүлэгч сумаар Ерөө,

-Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудай хураан авсан аж ахуйн нэгжээр Ерөө сумын "Ачит Оргил" ХХК,

-Газар тариалангийн салбарт шинэ техник, технологид хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжээр Цагааннуур сумын "Сэлэнгэ Тариа" ХХК,

-Нэгж га талбайгаас хамгийн их төмсний ургац хураасан аж ахуйн нэгжээр Мандал сумын "Эрдэнэ Энх Трейд" ХХК,

-Нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногооны ургац хураасан ногоочноор Мандал сумын ногоочин А.Гантулга,

-Хамгийн их жимс жимсгэнэ тариалсан аж ахуйн нэгжээр Зүүнбүрэн сумын "Хаан жимс" ХХК,

-Эрт ургацын ногоогоор хамгийн их борлуулалт хийсэн ногоочноор Орхон сумын "Их өнгөт Трейд" ХХК,

-Газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар Цагааннуур сумын "Ургацын Хишиг" ХХК-ийн механикжуулагч Б.Баттулга,

-Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжээр Баянгол сумын "Бялхам Ивээл" ХХК,

-Жимсний суулгац тариалалт нэмэгдүүлж хамгийн их борлуулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжээр Баянгол сумын "Гурван Сээр" ХХК тус тус шалгарлаа.


“Хөдөлмөрийн үр шимийн баяр 2022” үйл ажиллагааны үеэр Орхонтуул сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагвад хүндэтгэл илэрхийллээ.

Мөн энэ үеэр улс, аймаг, сумын цолтой 32 бөх барилдааныг зохион байгуулав. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Улсын заан Ц.Одбаяр үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн Хурц арслан Д.Төрболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн Арслан Э.Бат-эрдэнэ нар шөвгөрлөө.

 

Холбоотой мэдээ