ӨМНӨГОВЬ: Төв номын сан 800 ширхэг номоор баяжилт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-01 13:34:09

Өмнөговь /МОНЦАМЭ/  Аймгийн төв номын сан нийтийн, хүүхдийн уншлагын, гэрээр ном олгох, мэдээлэл технологийн зэрэг үндсэн 4 танхимаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хийж байна.


Энэ жилийн хувьд шинэ номын баяжилт хийсэн нь өмнөх онуудтай харьцуулахад 2 дахин буюу 50 гаруй хувиар өсжээ. Уншигчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан танин мэдэхүй, сэтгэл зүй, логик, уран зохиол, сэтгэхүйн гэх мэт чиглэлийн 14 сая төгрөгийн 351 нэр төрлийн 800 ширхэг номоор баяжилт хийжээ.


Нийт уншлагын танхимуудаар жилд 2450 гаруй иргэнд үйлчилдэг. Мөн номын сангаас үйлчилгээ авах боломжгүй алслагдсан сум, байгууллагуудад нүүдлийн номын сангаараа үйлчилж 3 сумын 17 байгууллага, 14 сургууль, 8 цэцэрлэгт хүрч ажиллан нийт 3954 уншигчдад 3311 номыг, зөөврийн номын сангаар 30 удаа 7 байгууллагын 473 номыг олгож 741 уншигчдад хүргэсэн байна.


Уншигчид цаг заваа хэмнэн электрон катологи ашиглан өөрийн унших номын нэрийг хайлт хийж номын санд байгаа эсэхийг мэдэж болох аж. Мөн үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн цахим санд “Говийн мэдээ” сонины 1957-1990 оны хоорондох бүх дугаарыг байршуулсан байна.


Хүүхдийн уншлагын танхимыг 241 ном шинээр баяжуулсан бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөл, ярих сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор 6 төрлийн үлгэрээр хормогчин театрыг хийж уншигч хүүхдүүдэд хүргэж байна. 

Холбоотой мэдээ