ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Архангай аймгийн 2023 оны төсвийн орлогыг 17,163,099.6 мянган төгрөгөөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-01 13:53:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 11 дүгээр сарын 30-ны өдөр 11.00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэн баталлаа.


Хэлэлцэх асуудлын нэг нь аймгийн 2023 оны төсөв байлаа. 


Аймгийн 2023 оны төсөв Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн хэмнэлтийн горимоор ажиллах, төсвийн харилцааны шинэчлэл болон шинээр гарч буй хууль эрх зүйг хэрэгжүүлэх, орон нутгийн төсвийн тэнцэл, төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, Засгийн газар, аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтот арга хэмжээнд чиглүүлэн төлөвлөж боловсруулжээ. 


Аймгийн 2023 оны төсвийн орлогын нийт дүнг 17163099,6 мянган төгрөгөөр, 2023 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 43673295,8 мянган төгрөгөөр, аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 9767015,1 мянган төгрөгөөр, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сум орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 4542456,1 төгрөгөөр тус тус баталсан юм.

 

Орон нутгийн төсвийн төслийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлт, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон аймгийн Төрийн аудитын газраас хүргүүлсэн санал, зөвлөмж, төсвийн төсөл хянуулахад сумдаас ирүүлсэн тооцоолол, татвар ногдох зүйл, зарим нэр төрлийн орлогын холбогдох тооцоо судалгааг холбогдох газар, хэлтсүүдээс авч судлан нэгтгэж, мэргэжлийн байгууллагуудын мэргэжил арга зүйд тулгуурлан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар баримталж буй төрийн болон орон нутгийн бодлоготой уялдуулж, холбогдох хууль эрх зүйд үндэслэн хийжээ.

Холбоотой мэдээ