Д.Отгондалай, Г.Мандахнаран нар эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-08-26 10:29:14

“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай, чөлөөт бөхийн 65 кг-д V байрт шалгарсан Г.Мандахнаран өнөө өглөө эх орондоо ирлээ.

Тэд 06:00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан юм. Тэдэнтэй хамт чөлөөт, бокс, хөнгөн атлетик, тэквондогийн шигшээ багийн тамирчид ирлээ.

Д.Отгондалай хэлэхдээ, “Олимпийн дэвжээнд анх удаа өрсөлдөж, медаль хүртсэндээ баяртай байна. Олон улсын тэмцээнд оролцож буй мэт тайван тоглохыг хичээсэн. Өмнө нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан тамирчидтай олимпод оролцсон болохоор би л өөрийгөө бүрэн дайчилж, хичээвэл медаль авах боломж байсан. Сэтгэл хөдлөлөө дарж, мөнгөн медалийн төлөөх тоглолтод анхаарлаа аль болох хурдан төвлөрүүлэхийг хичээсэн. Ер нь мөнгө, цаашлаад алтан медаль авах итгэл надад их байсан. Энэ дашрамд Монголын боксын холбоо, “Хилчин” спорт хороо, “АПУ” хувьцаат компанийн хамт олонд маш их баярлаж явдгаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэднийг “Хилчин”, “Алдар” спорт хороо, гэр бүл, найз нөхөд нь угтан авч, баяр хүргэсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ