ӨВӨРХАНГАЙ: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 80.1 хувьтай үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-02 11:45:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хурлаар аймгийн Засаг даргын 2020-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Тус хөтөлбөрт 5 бүлэг, 61 заалт, 338 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэн 80.1 хувь буюу хангалттай хэмээн дүгнэлээ. 

Өвөрхангай аймагт сүүлийн 2 жилд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 189.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 608,3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 59,2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 62.0 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна.  


Боловсролын салбарт 4 сургууль барьж суудлын тоо 1040-өөр нэмэгдсэн бол одоогоор 4 суманд 1200 суудалтай сургууль, 6 суманд 650 ортой цэцэрлэг, 6 суманд ЭМТ-ийн барилгыг барьж байгаа аж. 2022 онд улсын төсвийн 255 сая төгрөгийн өртөг бүхий 6 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжөөр эмнэлгүүдийг хангаж, 10 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашиныг олгосон байна. 

Холбоотой мэдээ