АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарах дэд бүтцийн бэрхшээлийг гэрэл зурагт буулгажээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-12-02 15:00:37
Архангай /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог. Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн тэргүүн Г.Самбууданзан хэлсэн үгэндээ "Эл өдрийг уламжлалт буюу ямар нэг сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулдаг байсныг энэ жил эрс өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд алхам тутамд нь ямар бэрхшээл тулгараад байдгийг баримтаар харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, "Чимээгүй эрхээ эдэлье" уриатай зохион байгуулж байна. Мөн волейболын тэмцээнийг зохион байгуулж байна" гэлээ.

Баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Бадрах нар оролцож төр, иргэний нийгмийн байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл, хүндрэл бэрхшээл, ололт амжилтын талаар сэтгэгдлээ илэрхийллээ.

Баримтат гэрэл зургийг хоёр төрлөөр гаргасан байлаа. Эхний хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа тулгуур эрхтний болон сонсгол, харааны бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн ямар бэрхшээлүүд учирч байгааг хэн ч харсан ойлгомжтойгоор өгүүлсэн бол "Боломж байгаа" нэрийн дор хөгжлийн бэрхшээлтэй ирггэдийн ажил хөдөлмөр эрхэлж чаддагийг, юу юу хийж чаддагийг гэрэл зурагт буулгажээ.

Гэрэл зурагчин Э.Батхүү "Хэдэн өдөр зураг дарж, олон хүмүүстэй хамтарч ажилласан. Гэрэл зургийг авч явахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар олон бэрхшээл алхам тутамд нь тааралддагийг мэдэрсэн. Наад зах нь л гэхэд байгууллагуудын шат, гарц, хаалганы босго өндөр, худалдаа, үйлчилгээний байгууллагын ширээ, тек өндөр, явган хүний зам, гэрлэн дохио, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хаалттай байдал гээд олон зүйлийг харлаа. Энэ бүгдийг гэрэл зурагт буулгаж, олон хүнд харуулж, ойлгуулахыг хүссэн. Энэ нийгэмд бүгдээрээ бие биедээ хайртай, нийгэмдээ хүчтэй байгаарай гэж хэлье" гэлээ.

2021 оны судалгаагаар аймгийн хэмжээнд нийт 3597 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүртгэжээ.