Нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-05 13:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг дуулгалаа.


Мөн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

-Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хянаж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.


-Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартыг хянаж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах.

-Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад анхаарч, хяналт шалгалтыг тогтмол хийж, хариуцлагыг чангатгах.


-Байгууллагууд ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хянах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж хэрэгжүүлэх.

-Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх.


-Нийтийг хамарсан баярын үеэр хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг үүрэг болгосныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

 

Холбоотой мэдээ