ЗАВХАН: Нутаг дэвсгэрийг бүсчлэн орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус
аймагт тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах зорилготой
сургалт боллоо.
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар аймгийн Засаг дарга орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах, удирдах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/571 дүгээр захирамжаар орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүнийг сургах сургалт Улиастайд боллоо.
Тайван цагт орон нутгийн
хамгаалалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд томилгоот нэгжүүдэд, Завхан аймгийн
нутаг дэвсгэрийг дөрвөн бүсэд хуваан,
бүс тус бүрт орон нутгийн хамгаалалтыг 9 суман, нэг салааны хүч хэрэгсэлтэй
байхаар төлөвлөөд байгаа. Энэ удаагийн сургалтад аймгийн Орон нутгийн
хамгаалалтын томилгоот нэгжийн сумангийн захирагч албан тушаал дээр оногдуулан
бүртгэгдсэн иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцлоо.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд хөтөлбөрийн дагуу хичээл сургуулийг өдрийн 8 цагаар зохион байгууллаа. Ингэхдээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлого, батлан хамгаалахын багц хуулиуд, Дайчилгааны болон Орон нутгийн хамгаалалтын хуулийн талаарх мэдээлэл ойлголтыг өглөө. Мөн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө, томилгоот нэгжийн чиг үүрэг, зохион байгуулалтын талаар санал солилцож мэдээлэл өгөв. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн хамгаалалтын сургалтад, аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран оролцож чиглүүлэгч багшаар ажилласан.
Энэ сургалт
нь орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн зорилт, зорилгыг хангах, иргэд,
албан тушаалтнуудын мэдлэг ойлголтыг нэмэх, үүрэгжүүлэх зорилготой юм. Хуулийн гол
үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах,
учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх. Орон нутгийн хамгаалалтын
бэлтгэлийг бүхий л түвшинд хангах. Орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны
байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тогтоох
замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх. Онц болон дайны
байдлын үед орон нутгаа хамгаалах, Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс
ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах. Иргэний аюулгүй байдлыг хангахад
дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм гэж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас мэдээлэв.