ЗАВХАН: Сонсох өдөрлөгт ирсэн иргэдийн 60 гаруй хувь нь ажлын байрны хүртээмжийг нэмэхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-06 12:55:49

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг долоо хоногийн турш тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрхийг хамгаалах өдрийн хүрээнд холимог гар бөмбөг, хонхот бөмбөг, шатар, даам болон АХА тэмцээн зохион байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үлгэр жишээ гэр бүл, үлгэр жишээ иргэн, үлгэр жишээ хүүхдийг тус тус шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн саналын дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсох өдөрлөг” зохион байгуулав. Сонсох өдөрлөгт иргэдээс олон санал хүсэлт, хамтран ажиллах боломж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулахад ямар гарц гаргалгаа байж болох талаарх судалгаа саналыг иргэдээс ирүүллээ.

Сонсох өдөрлөгт ирсэн саналуудын 64 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудал, ажлын байрны хүртээмжийн асуудал байлаа. Тиймээс эдгээр саналыг эрэмбэлж, 2023 онд аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулж, аймгийн удирдлагууд болон шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагууд хүргүүлэхээр боллоо.

Завхан аймгийн нийт хүм амын 4.7 хувь буюу 3509 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 

Үүний 348 нь харааны хөгжлийн бэрхшээлтэй, ярианы бэрхшээлтэй 117, сонсголын бэрхшээлтэй 321, хөдөлгөөний бэрхшээлтэй 895, сэтгэцийн бэрхшээлтэй 759, хавсарсан бэрхшээлтэй 178 хүн байна.

Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 18 хүртэлх насны хүүхэд 4.5 хувийг нь эзэлж байна. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг, сургууль байхгүй байгаад онцгойлон анхаарахыг иргэдээс ирүүлсэн саналын 30 орчим хувийг эзэлж байна.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудад мөн санал хүргүүлэхээр боллоо.

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас 1992 оноос жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд-Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ гэж Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдээлэв. 

Холбоотой мэдээ