“Парис-2024” олимпын бэлтгэлийн талаарх тайлан мэдээллийг хүргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-12-06 16:36:52

ЛОЗАНН. /China Daily/. “Парис-2024” олимпын наадмыг зохион байгуулагчид наадмын бэлтгэлийн талаарх тайлан мэдээллийг Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх зөвлөлийн даваа гаргийн хуралдааны үеэр танилцуулжээ.


Тодруулбал, “Парис-2024” наадмын тасалбар борлуулах хөтөлбөр, наадмын бэлгэ тэмдэг, паралимпын наадмын нээлтийн ёслол болох газраас гадна төсвийн тэнцлийн талаар тус зөвлөлд танилцуулсан байна.


ОУОХ-ны Олимпын наадмын асуудал хариуцсан дарга Кристоф Дуби хэлсэн үгэндээ, “Паралимпын наадмын нээлтийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд тооцогдох "Place de la Concorde" талбайд зохион байгуулах төлөвлөгөөний талаар сонслоо” хэмээн онцолжээ.


Түүний хэлснээр, Гүйцэтгэх зөвлөл “Парис-2024” наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах газрыг өөрчлөх талаар хэлэлцсэн байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо баасан гарагт удирдах зөвлөлийн хуралдааныхаа дараа тэмцээнийг Лилль хотод зохион байгуулахыг зөвшөөрчээ.


“Парис-2024” олимпын наадам мөн оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд, Паралимпын наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болох юм.


Даваа гаргийн хуралдаанаар мөн Африк тивд болох анхны олимпын тэмцээн болох “Дакар-2026” залуучуудын олимпын наадмыг 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.


Залуучуудын IV олимпыг Сенегалд энэ онд зохион байгуулахаар товлоод байсан хэдий ч “Токио-2020” тэргүүтэй олон улсын томоохон тэмцээнүүд хойшлогдсонтой холбоотойгоор 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр гаргасан билээ. 

Холбоотой мэдээ