Стефани Бурри: Жендэрийн тэгш байдлыг хангах нь хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн туслалцааны чухал зорилт юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-12-07 16:34:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян болж байна. Энэ талаар Швейцарын Хөгжлийн агентлагийн газрын дарга Стефани Бурри МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгөв.

 

-Швейцарын Холбооны Улс жендэрийн тэгш байдлын хангах талаар чухам яагаад хөндөж, энэ сэдвийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилладаг вэ? Танай улс энэ тал дээр өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулж байгаа вэ?

 

-Ярилцлагад урьж оролцуулж буйд их баярлалаа. Швейцарын Холбооны Улс нь жендэрт суурилсан хүчирхийллийн бүхий л хэлбэртэй тэмцэх үүрэг хүлээсэн улс. Тиймээс жендерийн тэгш эрхийг хангах бол миний болон Швейцарын Хөгжлийн агентлагийн хамт олон хувьд анхаарлын төвд байдаг. Швейцарын Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжих олон талт хамтын ажиллагаа, бүсийн санаачлага болон хоёр талт хөгжлийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Манай улсад 1971 он хүртэл эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд Швейцарь эмэгтэйчүүдийн байдал энэ талаар жил ирэх тусам дээшилж ирсэн.

 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2022 оны дэлхийн жендэрийн тайланд Швейцарын Холбооны Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 146 орноос 13-т жагссан. Энэ нь тодорхой үйл ажиллагааны үр дүн юм. 1991 оноос хойшхи хамгийн том үйл ажиллагаа нь 2019 онд зохион байгуулсан олон зуун мянган эмэгтэй улс орон даяар жагсаал хийж, бодлого тодорхойлогч нараас эрх тэгш байдлыг хангах талаар бодитой хууль тогтоомж, арга хэмжээ авахыг шаардсан явдал юм.

 

Энэ ажил хаялт нь хууль тогтоомж, дадал зуршил, сэтгэхүйг өөрчлөх урт хугацааны хүчин чармайлтын дөнгөж эхлэл байсан. Хэдий ийм ч маш их зүйлийг хийх шаардлагатай байна. Швейцарын Холбооны Улсад таван эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсныг Эмнести Интернэшнл байгууллагын сүүлийн тайланд мэдээлсэн. Манай эх оронд ч гэсэн эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө бид тууштай тэмцэж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөх нь харамсалтай байна. 

 

Жендэрийн тэгш байдлыг бүх талаар хангах нь Швейцарын Холбооны Улсын олон улсын хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн туслалцааны стратегийн чухал зорилт юм. Швейцарын Холбооны Улс нь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын төлөөх хөтөлбөрийг тууштай дэмждэг бөгөөд НҮБ-ын Аюулгүйн байдлын зөвлөлийн гишүүнээр 2023 оноос ажиллах тул тус зөвлөлийн мөрийн хөтөлбөрийг системтэй хэрэгжүүлэхийн төлөө бид байх болно.

 

Сүүлийн 4 жилд дэлхий өнцөг буланд хэрэгжүүлэх Швейцарын Холбооны Улсын хүмүүнлэгийн туслалцааны хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ээс урьдчилан сэргийлэх, хариу үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлж, 2021-2025 онд 60 сая швейцар франкийг зарцуулах амлалт өгсөн.

 

-Швейцарын Засгийн газар Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ?

 

-Ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжилд хүрэхэд жендэрийн тэгш байдал маш чухал гэдгийг дэлхий нийт нотолж байна. ЖСХ нь хүний эрхийг хамгийн ихээр зөрчидөг. ЖСХ-ийн гол хөдөлгөгч хүчин зүйлүүд нь жендэрийн тэгш бус байдал, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн сөрөг хэм хэмжээ болон нийгмийн тэгш бус байдал юм.

2017 онд ЖСХ-ийн анхны судалгааг хийснээр бид “Нүцгэн үнэн”-ийг нийгэмд дэлгэснээр Монголын 3 эмэгтэйн нэг нь биеийн болон бэлгийн хүчирхийлэл өртсөн, мөн эмэгтэчүүдийн 60 хувь нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн  тоо баримт ил гарч нийгмийг цочроосон.


Сүүлийн жилүүдэд үргэлжилсэн цар тахал нь ЖСХ-ийн далд, бугшсан хэлбэрүүдийг ил гаргаж, ЖСХ-ийн хэмжээ 38 хувь болж өссөн байсан. Мэдээлж буй тоо баримтууд өссөөр байгаа боловч, үүний шалтгааныг олон талтай гэж үзэж болно. Үүнд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин сайжирсан. Үүний сацуу ГБХ болон ЖСХ-ийн тухай хүмүүсийн ойлголт дээшилж, үүнийг үл тэвчих, мэдээллэх нь нэмэгдсэн.

 

-Та Монголын түнш байгууллага болох Засгийн газар болон ТББ-уудад энэ талаар юу зөвлөх вэ?

 

-Монгол Улс ЖСХ-тэй тэмцэх чиглэлээр ахиц дэмшилттэй ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч дараах асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага хэвээр байна. Үүнд:

  • ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, хариу үйл ажиллагаа авахад олон талт хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа чухал. Үр дүнтэй байхын тулд ЖСХ-тэй тэмцэх хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэх, үүнд түншлэлийг дэмжих ёстой.
  • Эрэгтэйчүүд, хөвгүүдтэй хамтран ажиллах нь хамгийн чухал гэж Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс үзэж байна. Эрэгтэйчүүд, хөвгүүд нь эцэг, ах, дүүгийн хувьд ЖСХ-ийг таслан зогсоох үйлс, хандлагыг өөрчлөлтийг гол дэмжигчид мөн.
  • Орлого нэмэгдүүлэх, амьжиргаа сайжруулах аливаа төсөл хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдтэй гэр бүлийн сайн сайхан байдлын талаар эсвэл гэр бүлийн эрүүл мэндийн талаар ярилцах, тэдний оролцоог хангах нь илүү үр дүнтэй байдаг.
  • Иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн жендэрийн байгууллагуудыг ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг удирдан чиглүүлэх чадавхыг тасралтгүй дэмжин дээшлүүлэх нь чухал.
  • Хувь хүн, байгууллага болон олон нийтийн түвшинд үйл ажиллагааг бодлогоор уялдуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй бөгөөд бидний зорьж буй нийгмийн өөрчлөлтийг авчрах боломжтой.
  • ЖСХ-ийн суурь шалтгааныг арилгахын тулд ЖСХ-тэй тэмцэх болон бусад жендэрийн тэгш байдлыг хангах хөтөлбөрт илүү өргөн хүрээнд тууштай хөрөнгө оруулалт хийх.

 

Швейцарын Засгийн газрын нэг төлөөллийн хувьд, мөн хандивлагч байгууллагын хувьд бид ЖСХ-тэй тэмцэх төслийг 2016 оноос дэмжин ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүн амын сан болон үндэсний бусад түншүүдтэй хийх бидний хамтын аялал ирэх 2023 оны 6 дугаар сард дуусна. Бид үндэсний болон олон улсын бүх түншийг эв нэгдэлд уриалж, Монгол Улсад ЖСХ-ийг таслан зогсоохын тулд бүгд хүчээ нэгтгэн, хамтран ажиллахыг уриалж байна. Оюун ухаан, зүрх сэтгэл, хүч чадлаа нэгтгэн хамтран ажиллацгаая.

 

Ярилцлагын төгсгөлд хэлэхэд Нандин бүхнээ хайрлан хамгаалаарай-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо. Эрх мэдлийн хүч таны гарт байна, Хүчээ урвуугаар биш зөвөөр ашиглаарай хэмээн уриалж байна.

 

Холбоотой мэдээ