Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-26 17:33:20

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн дэмжлээ.

Үдээс хойшхи хуралдаанаар тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Гантулга, Ц.Гарамжав, Н.Энхболд, Я.Санжмятав, З.Нарантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн учир “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд,

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн бөгөөд УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн Засаг дарга нар, төрийн зарим байгууллага болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, сан, эвслүүдээс ирүүлсэн саналыг мөн тусгасан юм. Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 зорилттой юм байна. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн бодлогын асуудлыг авч үзэхдээ хүндрэлийг даван туулах болон тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр үе шат бүхий зорилтот арга хэмжээнүүдийг тусгаж, нэгдүгээр үе шатны хүрээнд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн дархлааг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хоёрдугаар үе шатны хүрээнд тогтворжиж буй макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авахаар тусгасан байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол зорилт нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлсээ төрөлжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын залгамж чанарыг дээдлэн ажиллах ёстой. Иймээс өмнөх жилүүдэд УИХ-аас тодорхойлон гаргасан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, салбарынхөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, мастер төлөвлөгөө зэрэг баримт бичгээр нэгэнт тодорхойлогдож, хэрэгжиж ирсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлого, зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Энэ оны эхээр Улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт Монгол Улс урт хугацаанд хүний хөгжлийг дээдэлсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон тулгуурт төрөлжсөн эдийн засаг бүхий өндөр хөгжилтэй улс орон болох хэтийн зорилгыг тодорхойлон гаргасан. Иймээс цаашид шинээр батлагдан гарах улс орны дунд хугацааны хөгжлийн үндсэн баримт бичгүүд, салбаруудын мастер төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өрийн удирдлагын стратеги зэрэг бодлогын баримт бичгүүд нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үзэл санаа, хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай гэж бид үзэж үйл ажиллагааны хөтөлбөрөө энэхүү баримт бичигтэй нягт уялдуулан боловсруулсан болохыг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан зорилтын дагуу хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг нь бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх болно. Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх 21:100 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ