Катар улс 2036 оны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ хүргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-23 12:07:26

ДОХА, 2025 оны долоодугаар сарын 23 /KAZINFORM/. Катар улс 2036 онд болох зуны Олимпын ба Паралимпын тоглолтуудыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын Олимпын хороонд албан ёсоор гаргасан тухай тус улсын Олимпын комисс мэдээллээ.  


Катар улс орчин үеийн спортын дэд бүтцийг бий болгож, олон улсын томоохон тэмцээн уралдаануудыг зохион байгуулах хангалттай туршлагатай болсон гэж хүсэлтэд дурджээ. Тус улсын Олимпын хорооны тэргүүн, хүсэлт гаргах комиссын дарга шейх Жуан бин Хамад Аль Тани мэдэгдэхдээ, спорт бол ард түмнүүдийн харилцан ойлголцол, энх тайвныг бэхжүүлэх тавцан хэмээн үздэг учраас Олимпын тоглолтыг зохион байгуулах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн гэлээ.


Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед бин Абдуррахман Аль Тани хэлэхдээ, энэ бол зөвхөн Олимпыг зохион байгуулах гэсэн хүсэл эрмэлзэл бус харин Катарын “энхийн төлөөх спорт” гэсэн гүн ухааны зарчмын тусгал юм гэв.


Катарын хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн тохиолдолд тус улс Олимпын наадмыг зохион байгуулсан Ойрх Дорнод, Персийн булангийн бүс нутгийн анхны улс болох юм.


Өмнө нь катарчууд 2006 оны Азийн спортын наадам, 2015 оны гандболын ДАШТ, 2019 оны хөнгөн атлетикийн ДАШТ, хөл бөмбөгийн 2022 оны ДАШТ, усан спортын 2024 оны ДАШТ зэрэг олон улсын том тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж байв. Мөн ширээний теннисний 2025 оны ДАШТ, буудлагын 2026 оны ДАШТ, сагсан бөмбөгийн 2027 оны ДАШТ, 2030 оны Азийн спортын тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.  

Холбоотой мэдээ