Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-09 11:30:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нүүрсний асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь удаагаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр, “Жагсагчдын зүгээс нэгдүгээрт нүүрсний хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудын нэрсийг зарлах, хоёрдугаарт тэдгээр хүмүүст 15 жилийн ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болгох, гуравдугаарт, Ковидын үеийн төсвийг ил болгох гэсэн шаардлагыг тавьж буй. Уг төсвийг бүхэлд нь ил болгох асуудлыг Шадар сайд САмарсайханд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг болгож, ирэх долоо хоног гэхэд вебсайтаар дамжуулан олон нийтэд тайлагнахыг үүрэг болгосон.


Монгол Улс нь шинэ Үндсэн хуулиараа хууль дээдлэх зарчмыг баримталдаг. Энэ хүрээнд нүүрсний хэргийг шүүхэд шилжүүлж байж, холбогдох албан тушаалтнуудын нэрсийг ил тод зарлана. Арван таван жилийн ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болгох гэдэг шаардлага бол шүүхийн эрх мэдлийн асуудал. Одоогийн байдлаар АТГ, цагдаагийн 40 орчим мөрдөн байцаагч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна. Ингэхдээ мөрдөн шалгах үүрэгтэй байгууллагууд экспортыг зогсоолгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна.


Үүний зэрэгцээ экспортлож авч байгаа талуудыг буруутган шалгах асуудал огт яригдаагүй. Энэ бол цэвэр дотоодын асуудал. Энэ асуудлаар би өчигдөр олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгч баталгаажуулсан. Мөн мөрдөн шалгах тал дээр ахиц гаргах үүднээс шинжээчдийн багийг албан ёсоор байгуулж, хэмжилтийн ажлыг өнөөдрөөс газар дээр нь явуулж эхэлсэн. Дээр нь хил гаалийн бүртгэлийг нягтлах, хилийн мэдээтэй тулгах ажил орон нутагт хийгдэж байна. Улаанбаатарт Тавантолгойн бичиг баримт, гэрээ, худалдан авалттай холбоотой асуудлыг тайлбаруудыг зохих албан тушаалтнуудаас авч байна" гэв. 

Холбоотой мэдээ