ӨВ СОЁЛ: Ц.Төмөртогоо: Ээж минь "дээсээ бушуу том, түүдэг өтөлчихлөө" гэдэг байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-14 16:39:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, соёлын биет бус өвийг өвлөн тээгч, өдгөө 75 настай ахмад настан Ц.Төмөртогоо гэх буурайтай ярилцлаа. Тэрээр ээжээсээ дээс томох, хурганы арьс элдэх, дээлийн дотор эгнэх зэрэг ёс уламжлалыг өвлөжээ.


-Та дээс томох, хурганы арьс элдэх, эгнэх энэ их уламжлалыг хэнээс өвлөн авсан бэ?

-Дээс томох ажлыг бүр багаасаа ээжээсээ сурсан. Ээж минь их ажилтай, хөдөлмөрч хүн явсан юм. Их ч ухаан хайрлаж, мал маллах, малаас гарч буй юм бүхнийг ашиглах, дээл хувцас хийх, оосор бүч томох, утас ээрэх гээд эмэгтэй хүний хийж болох бүхнийг л зааж сургаж байсан байгаа юм.

Хүүхэд байхдаа би ном уншина, хатгамал хатгана. Тэгэхээр л ээж минь шавдуулж, “хүүе чи тэр дээсээ бушуу том, түүдэг чинь өтөлчихлөө”  гэдэг байсан. Түүдэг өтлөөд байхдаа яахав дээ, ээж надаар юмаа хурдан хийлгэх гэж л ингэж байна гэж хүүхдийн ухаанаар бодоод инээд хүрдэгсэн. Гэтэл дээс томоход түүдэг өтөлнө гэдгийг одоо өөрөө яг биеэрээ мэдэрч явдаг даа.


-Түүдэг өтөлнө гэж юу гэсэн үг юм бол, төвийн залуучууд төдийлөн сайн мэдэхгүй байх?

-Ноосоо жигдхэн сувиад, түүдэг бэлтгэдэг. Түүдэг бэлтгээд удчихаараа орооцолдоод дээс томоход хэцүү байдаг юм. Түүнийг л “түүдэг өтөлнө” гээд байгаа юм. Бага залуу байхад ч  түүнийг ойлгодоггүй л байж. Өөр дээр тулаад ирэхээр л хүн чинь мэдэрдэг юм байна шүү дээ.


-Та бага байхаас л ээжээсээ дээс томох, арьс элдэх, эгнэхийг сурч байсан байна. Тэгээд энэ ажлаа хэдийнээс хийж эхэлсэн бэ?

-Сумандаа олон жил сургуулийн тогоочоор ажиллаж байгаад олон хүүхэдтэй гээд 1991 онд тэтгэвэртээ гарсан. Залуу байж дээ. Тэгээд мал малласан, 2010 онд амьдралын шаардлагаар сумын төвд орж ирлээ.

Мал маллаж байсан хүн чинь суманд юу хийж суухав дээ, багадаа сурсан юм, буурлын буян байна, малын буян байна, хурганы арьс элдээд, эгнэж дээлийн дотор хийж эхэлсэн. Намар гэр дулаалах, шинэ гэр барих үеэр хүмүүс өрхний оосор, унины сагалдарга, тэмээний ээрсэн утас сураад ирэхээр нь хийгээд өгчихдөг байсан. Тэгээд л энэ ажлаа дагнасан.  


-Гэрийн оосор, бүчийг иж бүрнээр нь хийдэг гэж сонссон. Та үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ танилцуулаач?  

-Гэрийн гадуур, дотуур хошлон, хананы боодол, унины сагалдарга, тоононы чагтага, гэрийн даруулга, өрхний оосор, тэмээний утас, мөн морины жолоо, цулбуур гээд л монгол ахуйд хэрэглэдэг бүхий л төрлийн зүйлийг хийнэ. Миний томсон дээсээр зөвхөн гэрийн хэрэглэл ч гэхгүй малчид уяа, татлага, ногт гээд л бүхий л ахуйдаа хэрэглэдэг.  


-Материалаа хаанаас бэлтгэж байна, ер нь бүтээгдэхүүнийх нь голлох түүхий эд юу вэ?

-Би дээсээ тэмээний зогдроор л хийдэг. Адууны дэл сүүл нэг их оруулдаггүй. Зарим хүмүүс адууны дэл, сүүл хийхээр бөх болдог гэдэг л юм. Би бол тэгж боддоггүй. Адууны дэл сүүлээр хийхээр гар хатгаад байдаг. Тийм дээсийг хатуу, дан тэмээний зогдроор хийсэн ноосыг зөөлөн дээс гэдэг.

Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж үг байдаг даа. Бөх батын хувьд дээсийг хэр зэрэг эрчтэй томж чадна, төдийчинээ л чанга, эдэлгээтэй болж байгаа юм. Түүнээс гадна  эдэлгээг уртасгахад хадгалалт маш чухал байдаг. Хадгалахдаа норгохгүй байхад л болно.  

Миний дээсийг хүмүүс барьж үзээд их хатуу, чанга болж гэдэг. Одоохондоо ч эмээгийнх нь гарын чадал байгаа л юм шиг байна.


-Таны бүтээгдэхүүнийг нутгийнхан нь андахгүй мэддэг, худалдаж авдаг байх. Захиалга их ирдэг үү, бүтээгдэхүүнээ хаана ихэвчлэн борлуулдаг вэ?

-Хийсэн дээл, оосор бүч, дээс, тэмээний утас гээд хийсэн зүйлээ борлуулна аа, сумын иргэд маань ирээд л хэрэгтэй зүйлээ авна, захиална. Ялангуяа намар шинэ гэр барих үеэр болон гэрээ дулаалах үеэр их асуудаг.

Хурганы арьс элдээд жилд 2 дээл л хийдэг дээ. Зарим хүмүүс захиалж хийлгэнэ. Хийгээд бэлэн болгочихсон байхад зарим нь сургаар ирээд авдаг. Тэгэхээр энэ бүгд хүнд хэрэгтэй, тустай л юм байна гэж бодоод өөртөө их урамтай байдаг шүү.


-Дээс томох өв соёл, уламжлалт арга ухаанаа хуваалцах уу?

-Монголчууд мал аж ахуйгаасаа л эдлэл, хэрэглэл, хувцсаа хийчихдэг, тэгээд өвлүүлдэг их ухаантай ард түмэн юм байна. Би ээжээсээ өвлөсөн. Миний нэг охин надаас суралцсан. Өв уламжлал гэдэг энэ байх.

Дээс хийхийн тулд ноосоо эхлээд цэвэрлэнэ. Цэвэрлэсэн ноосоо сувьж түүдэг бэлтгэнэ. Түүдэг хийхдээ ноосыг үсний ширхгийн дагуу сувиад гартаа ороон бөөрөнхийлж, гарын алгаар илж бэлтгэдэг. Нэг түүдэг 150-200 грамм орчим жинтэй болдог байх.

Тэгээд 2 түүдгийн үзүүрийг нийлүүлж, гарынхаа алганд хавсран эрчилж, нар зөв эргүүлэн хооронд зөрүүлэх байдлаар томдог. Хэр сайн эрчилнэ түүгээр л дээсний чанар мэдэгдэнэ. Тиймээс чанга эрчлэх хэрэгтэй байдаг.


-Өв соёлоо уламжлах, суралцах тал дээр залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Бэлэн юм их болжээ. Зарим айл бэлэн, урд хөршөөс орж ирдэг олс аваад хошлон хийчихсэн харагддаг. Нэг талаас ийм материал сулраад гэрийн дулаан, бат бэх байдалд ч гэдэг юм уу тохиромжгүй, гэрийн хэв алдагддаг, тэгээд ч үзэмжгүй харагддаг.

Бид өөрсдөө хийж чаддаг, тэгээд юун төлөө малтай билээ, малаас гарч байгаа бүтээгдэхүүнээрээ хийж чаддаг юм чинь, өвлөөд ирсэн монгол гэрээ, ахуйгаа ёс журмаар нь л эдэлж хэрэглэж байгаад үр хойчдоо үлдээгээд өгчих юмсан даа. Эмээ нь ингэж л боддог юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд урт удаан наслахын ёрөөл өргөе!

Холбоотой мэдээ