ДАРХАН-УУЛ: Хот байгуулахаас өмнөх түүхийг “Давхарын өртөө” зураг өгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-16 13:27:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Албан ёсоор нэрлээгүй ч Дархан хотыг Улсын хоёрдугаар нийслэл, залуусын хот, найрамдлын хот зэрэг олон сайхан үгээр тодотгож нэрийддэг. Жаран жилийн түүхтэй их хотын үндэс суурь хэдийгээс эхлэлтэй, Бурхантын хөндийд өнөөгийн өндөр барилгууд сүндэрлэж хот болохоос өмнө ямар аж байдалтай байсан тухай олон баримт бий. Түүний дотор зураач, урчууд, сийлбэрчид өөрсдийн уран бүтээлээрээ тухайн үеийн ахуй байдлыг тод томруун дүрслэн үлдээсэн нь өнөө цагт түүхийн гэрч, хойч үедээ таниулах өв, соёл болон үлджээ.


Ах дүү найрамдалт харилцаатай орнуудын хамтын хүчээр хот бий болохоос өмнө энэ нутагт ямар хүмүүс амьдарч байсан, юу хийдэг байсан тухай өгүүлэх нэгэн бүтээл бол Урчуудын эвлэлийн шагналт зураач Цэрэндоржийн Жамсрангийн 1968 онд бүтээсэн зотон, тос бүхий “Давхарын өртөө ” уран зураг юм.


Ц.Жамсран нь 1960-аад оноос Дархан хотод суурьшиж, тус хотын түүхийг судалж, уран бүтээлийнхээ чиг баримжааг “Өнгөрсөн, одоо хоёрыг харьцуулан үзүүлэх нь аливаа зүйлийн мөн чанарыг гаргах нэг арга юм” хэмээн тодорхойлон бүтээсээр иржээ. Түүний нэгэн илрэл нь эх хувиараа 50 гаруй жил Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж буй “Давхарын өртөө” зотон зураг юм.

Тухайн зургийн дүрслэл нь: 1930-аад оны үед орон нутгийн хооронд морин өртөөгөөр алба залгуулж байсан ба нийслэл хүрээнээс хиагт хүртэл 11 өртөө байжээ. Одоогийн хуучин Дарханы хүнсний комбинатын ард буй Давхар уулын өврийн морин тэргийн өртөөний тухай уг бүтээлд үзүүлжээ.


Энд морин жүчээ, аяншиж ядраад амгайгаа хэмлэх агт морьд, шургааган хашаа, хуучны сүм дуганы үлдэгдэл гэмээр дугуй байгууламж, ямааны эвэр шиг яндангаас нь аргалын цэнхэр утаа олгойдох гурван гэр зэрэг харагдана. Их тортогт баригдаад хав хар болсон хамгийн цаад захын гэр шалчийсан шанам малгайг санагдуулах ажээ. Зам зуур алхаж яваа хоёр хүний нэг нь овоодой малгай, тансар хилэн хүрэм өмсөж, богц барьсныг бодвол улаач, хажуу дахь нь өртөөгөөр заларч яваа чухал түшмэл бололтой. Зохиомжийн баруун доод хэсэгт өртөөний ажилтан хашааны буланг засах бол тэртээд гэр дуган руу хэн нэгэн орж байгаа зэрэг нь өртөөний амьдрал өрнөж буйг илтгэнэ. Ханзарсан цастай хаврын байгаль дундах өртөө улааны өргөн зам хасаг тэрэг, 200-гаад адуунд зориулан хороолж барьсан хашаа гээд олон дүр дүрслэлээр тухайн үеийн бодит түүхийг тод томруун мөнхөлсөн ажээ.


Ц.Жамсран нь Монголын шинэ цагийн дүрслэх урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан манай ахмад үеийн төлөөлөл бөгөөд түүний бүтээлүүдэд Монгол орны үзэсгэлэнт байгаль, үйл явдал, нүүдэлчин малчдын аж амьдрал, социалист бүтээн байгуулалт, ялангуяа Монгол, Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагааны сэдэвт зонхилдог ажээ.

Тэрээр өрнийн уран зураг болон монгол зургийг хослуулан бүтээхдээ сэдэв болон дүр дүрслэлээ жинхэнэ амьдралын гүнээс шигшин сонгож байсныг зохиомж болгоноос нь тодхон харах боломжтой гэж судлаачид үздэг аж.

Дархан хотын Урчуудын эвлэлийн салбарын анхны эрхлэгчээр ажиллаж байсан түүний уран бүтээлд Дархан хотын үүсэл, бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, байгаль зэрэг олон сэдэв нийт бүтээл, туурвилынх нь 40 орчим хувийг эзэлдэг аж.

Холбоотой мэдээ