Японы Засгийн газар стратегийн чухал нөөцийн жагсаалтыг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар стратегийн чухал ач холбогдол бүхий нөөц, материалын жагсаалтыг мягмар гарагт баталсан байна. Энэ талаар тус улсын сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын цахим хуудсанд мэдээлжээ.
Тухайлбал, уг жагсаалтад шингэрүүлсэн байгалийн хий, хагас дамжуулагч, бордоо, эмнэлгийн хэрэгсэл болон зай хураагуур /аккумулятор/ үйлдвэрлэх түүхий эд орсон байна. Энэхүү жагсаалтыг хууль тогтоох түвшинд батжуулсан нь Японы ханган нийлүүлэгчдэд хөрөнгө оруулалт, судалгаа, үйлдвэрлэлийн технологийг сайжруулахад эрх бүхий байгууллагаас санхүүгийн туслалцаа авах боломжийг олгож байгаа юм.
"Энэ бол нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх маш чухал алхам бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай нөөцийг тогтмол хүлээн авах боломжийг олгоно" гэж эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдолд ороод байгаа энэ үед Японы эрх баригчид аж ахуйн нэгжүүдээ ийм материалаар хангах асуудалд сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Тухайлбал, тус улсын шинэ компани “Rapidus” дараагийн үеийн чип бүтээх, үйлдвэрлэх түншлэлийн гэрээг Америкийн технологийн аварга “IBM” компанитай энэ сард байгуулжээ. Үүнээс гадна, “Sony Group” зэрэг Японы хэд хэдэн компани хагас дамжуулагч үйлдвэрлэх хэд хэдэн шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байна.