ДАРХАН-УУЛ: Монгол ёс, зан заншлын нэг хэсгийг “Их нүүдэл” зурагт дүрсэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-22 16:20:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн музейд буй уран зургуудийн ихэнх нь эх хувиараа хадгалагдаж байна. Цор ганц бүтээлийг он цагийн уртад элэгдэж, эвдрэхээс хамгаална гэдэг амаргүй. 20-50 гаруй жилийн турш эх хувиар нь хадгалж ирсэн бүтээлүүдийг цаашид хэрхэн он удаан жил энэ хэвээр нь хадгалах тал дээр музейн хамт олон судалгаа шинжилгээ хийх, засварлах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Түүхийн шаргал тоосыг өөртөө шингээн 30 гаруй жилийг үдсэн нэгэн бүтээл бол Дархан хотын музейн захирал асан С.Нямдаваагийн “Их нүүдэл” зураг юм.

122*397 хэмжээтэй 1991 онд бүтээсэн нийлэг хавтан “Их нүүдэл” уран зураг нь монгол уламжлал, ахуй амьдралыг өгүүлнэ.

Жилийн дөрвөн улиралтай өвөрмөц сайхан нутагт аж төрдөг монгол малчид, ердийн хөсгөөр нүүдэл суудал хийдэг нь зөвхөн нутаг сэлгэх төдий зүйл бус нарийн дэг, журамтай зан үйлийг үе дамжуулан хадгалсаар иржээ. Нүүдэл тосч цайлах нь уламжлагдаж ирсэн сайхан соёл бөгөөд өвөрмөц энэхүү ёс заншлыг зураач монгол зургийн аргаар тод томруун харуулжээ.



Уг зурагт тэнгэрт хөвөн цагаан үүлс угалзран нүүж, өндөр уулс дүнхийнэ. Зургийн төв хэсэгт нүүж яваа айлыг тосч, олбог гудас дэвсэн, цай идээгээр дайлах гэрийн эзэгтэй, түүний хажууд ягаан дээл, цагаан эсгий малгайтай, хэт хутгаа зүүсэн гэрийн эзэн суух агаад түүнтэй зэрэгцэн нүүдэл хийж буй хоёр эр амтархан цайлж, сонин сайхныг хуучилна.


Монголчууд эртнээс аяны хүнээс хол ойрын мэдээ сонсохыг эрхэмлэдэг, тамхилах, нүүдэл тосох зэргээр цаг агаарын байдал, орон нутгийн сонин сайхныг хуваалцдаг байжээ.

Тэднийг алжаалаа тайлах зуурт хүүхэд, багачууд баярлан тоглож, унаа малч амарч байна. Зохиомжийн бусад дүр, дүрслэлүүд монголчуудын ёс заншлыг тодотгосон зураглал болсон гэж зургийн тайлбарт өгүүлжээ.

Нүүдэллэх ёсны бас нэгэн чухал хэсэг бол ачаалах арга, ачаа хөтлөх, бууриа цэвэрлэх, шинэ бууриа аргадах зэрэг бөгөөд энэ бүхнийг тоочин үзүүлээгүй ч ахуйн өвөрмөц заншлыг дээдэлсэн, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой бүтээл ажээ.


Холбоотой мэдээ