Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн стандартыг шалгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-08-29 12:56:46

Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газартай хамтран улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах ажил эхлүүлээд байна.

Энэхүү  хамтарсан шалгалтыг энэ сарын 29-нөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулна. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг  улсын хэмжээнд шалгах үеэрээ замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэх, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл зэргийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилготой юм. Ялангуяа ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэх, ачаа тээвэрлэх журам болон ачааны автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурын бүрэн бүтэн байдал, авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэхийг илүү шалган тогтоох аж. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан эсэхийг ч шалгана. Бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын хэмжээг ч хянаж үзэх юм байна. Иймд жолооч нар авто тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг өөрөө эхлэн шалгаад хөдөлгөөнд оролцоход гэмгүй байна шүү.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ