Холимог металлын судалгааг зүүн аймгуудын нутгаар харьцангуй сайн хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-28 09:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалтын талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд цайр, мөнгө, хар тугалгын дэлхийн нөөц, үйлдвэрлэл, эрэлт, хэрэглээ, ханшийн талаар товч танилцуулсан. Мөн тэрбээр, тус яамнаас түүхий эд, металлуудаа дөрөв ангилж байна. Төмрийн хүдэр, металлургийн нүүрс, цайр, зэс, хар тугалга, хөнгөн цагааныг холимог полиметалл биш, аж үйлдвэрийн ашигт малтмал гэдгээр нь орчин үеийн чиг хандлагын дагуу ангилсныг дурдахын зэрэгцээ Монгол Улсад холимог металлыг цайр, хар тугалга, мөнгө гэсэн энэ гурван зүйлээр төлөөлүүлж байна. Нэг хүдэрт гурваас дээш ашигт малтмал агуулагдаж байгаа бол үүнийг холимог металл гэж үздэг гэж байв.  


Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва холимог металлын орд газрын судлагдсан болон цаашид судлагдаж байгаа  байдлын талаар мэдээллэв. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын хэмжээнд хүдэржилтийн 11 дүүрэгжилт бүртгэгдсэн байдаг.  Мөн Монгол орны холимог металлын судалгааг нутгийн зүүн хэсэгтээ харьцангуй сайн, баруун хэсэгт сул хийсэн байдаг. Гадаргуу орчмын болон гүний холимог металлын ордуудын судалгаа эхлэл төдий байгаа тул цаашид эрэл, хайгуулын сэдэвчилсэн судалгааны ажлыг эрчимтэй явуулах шаардлагатайг онцолсон.  Одоогийн байдлаар бүртгэгдсэн холимог металлын ордуудын нийт эзэмшлийн, тоогоороо 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаагийн  хоёр нь төрийн өмчит, үлдсэн 31 нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байна. Эдгээр 33 тусгай зөвшөөрөл бүхий орд газруудын тав дээр нь олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулж байна. Мөн ашиглалт эхлээгүй 14 тусгай зөвшөөрлийн холимог металлын орд, цаашлаад хайгуулын ажлаа дуусгах, бэлтгэл ажлаа хангах түвшинд байгаа 14 тусгай зөвшөөрөл бүхий холимог металлын ордууд  байна гэв.





Холбоотой мэдээ