Чуулган: Хөрөнгө оруулалтын банк нь дунд болон урт хугацааны төслүүдийг санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-30 14:36:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн ба уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ахлахаар, Т.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар гишүүнээр нь ажиллахаар байгуулсан юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цэрэнпунцаг хуулийн төслийн үзэл баримтлалыг тайлбарлахдаа "Энэхүү хуулиар төрийн өмчит төрөлжсөн банк байгуулахгүй. Харин хувийн хэвшлийнхэн болон гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөхөд чиглэгдэж буй" гэсэн юм.

 

Ажлын хэсгийнхний зүгээс “Энэхүү банк нь Жижиг дунд үйлдвэрлэгчид болон иргэдэд зээл олгох үйл ажиллагаа эрхлэхгүй. Хөрөнгө оруулалтын банк нь дунд болон урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн банк байна. Одоогийн байдлаар, манай улсын хамгийн том өөрийн хөрөнгөтэй банк бол ХААН банк. Өөрийн хөрөнгийнхөө 20 хувьд зээл олгох чадамжтай. Дээд хязгаар нь 300 тэрбум төгрөг гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд томоохон банк орж ирснээр дангаараа дээрхээс илүү санхүүжилтыг хийх боломж бүрдэнэ" гэлээ.

 

Тус хууль хэрэгжсэн тохиолдолд Хөрөнгө оруулалтын банк нь мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх, салбар, хараат болон охин компани байгуулах, Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авах нь хориотой байх аж.

 

Холбоотой мэдээ