Ч.Эрдэнэ: Үндэсний бичгээр сонин гаргахад Монголын сэхээтнүүд, төр засгийн удирдлага үзэл санаагаар дэмжсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-12-30 18:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхэндээ 10-аад бичиг үсэг, түүний дотор хэд хэдэн үсэг бичгийг шинээр зохион хэрэглэж ирсэн монголчуудын хамгийн өнө удаан хэрэглэсэн үсэг бичиг нь монгол бичиг байв. Тиймээс монголчуудын оюун санааны олон зууны хосгүй үнэт, асар баялаг өв энэ л бичгээр өдгөөд өртөөлөн ирсэн тул үндэснийхээ бичгийг сурч мэдэх, сурталчлан дэлгэрүүлэх үзэл санаа ардчилсан хувьсгалын уухайн түрлэг дор идэвхжин өрнөсөн түүхтэй.


Үзэл санааны яг ийм эргэлтийн үед мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1992 онд "Хүмүүн бичиг" сониныг санаачлан гаргаснаараа Монголын орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарын түүхийг баяжуулж, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд үндэснийхээ бичгээр уншиж бичих эрхтэй болсныг нэн бахархалтайгаар "тунхагласан" үйл хэрэг байв. "Хуучин" бичгийг мэддэг, түүгээр уншиж бичдэг хүн ховор байсан тухайн үед, босоо бичгийн сонины уламжлалыг бараг хагас зууны дараа хэрхэн сэргээсэн тухайд МОНЦАМЭ агентлагийн захирал асан, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ ийнхүү өгүүлсэн юм. Монголдоо монгол бичгээр дагнан гардаг, долоо хоног тутмын цор ганц "Хүмүүн бичиг" сонины 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ.


-Үндсэндээ 1946 оноос бүрэн тасалдсан, худам монгол бичгээр сонин хэвлэл гаргаж байсан уламжлалыг бараг хагас зууны дараа сэргээнэ гэдэг бол амаргүй ажил байсан нь мэдээж.  МОНЦАМЭ агентлагийн захирал байхдаа  шийдвэр гаргаж, “Хүмүүн бичиг” сониныг үүсгэн байгуулахад тухайн үеийн ямар нөхцөл байдал хүчтэй нөлөөлсөн бэ?

-Түүхэн эргэлтүүдийн дараа аливаа улс орнууд ямар үсэг бичиг цаашид хэрэглэх тухай асуудалтай тулгарах жамтай. Жишээ нь, Ататюркийн байгуулсан Турк улс араб бичгээс татгалзаж латинчилсан. Одоо тюрк төрлийн хэлт Казахстан улс кирилл бичгээ дахин арабаар солих тухай ярьж байна. Тэр байтугай, дэлхийн 2-р дайнд ялагдсан Япон ялагдлынхаа шалтгааныг хоцрогдсон япон хэл гэж үзээд англи хэл авах үзэл санаа нэлээд дэлгэрч байсан байдаг. 


Монгол Улсын хувьд Ардын хувьсгалын дараа 1940-өөд оныг хүртэл үндэсний бичгээ хадгалан бүх нийтээр суралцаж байв. Тэгээд кирилл үсэгт шилжихдээ Уйгаржин монгол бичиг гэдэг нэр томьёо зохиосон байдаг. Урьд нь бүх ном зохиол, уламжлалт сургалтын материалд зөвхөн монгол үсэг гэсэн буй.


1990 оны үйл явдлын үр дүнд Монголын соёлын өв уламжлалыг сэргээх боломж нээлттэй болсон. 1980-аад оны сүүлийн жилүүдэд үндэсний бичгээ сурах олон нийтийн хөдөлгөөн нэлээд хүчтэй өрнөсөн билээ. Энэ нөхцөлд монгол бичгийн сонин хэвлэл тулгамдсан хэрэгцээ болсон боловч хэрэгжүүлэх боломж хаалттай хэвээр байв. Харин 1992 оноос байдал өөрчлөгдөж, МОНЦАМЭ агентлаг өөрийн санаачилгаар Хүмүүн бичиг сониныг үүсгэн гаргасан юм.


-МОНЦАМЭ агентлаг тухайн үед сонин гаргах төсөв мөнгийг хэрхэн шийдэж байв. Боловсон хүчнээс авахуулаад техникийн боломж гээд олон асуудалтай нүүр тулсан болов уу?

-Энэ сониныг үүсгэсэн нь цэвэр захиргааны шийдвэр байсан юм. Улс төрийн шийдвэр л дээ. Энэ шийдвэрт агентлагийн хамт олон, Монголын сэхээтнүүд, төр засгийн удирдлага үзэл санааны дэмжлэг үзүүлсэн. Харин улсаас ямар ч төсөв хөрөнгө гаргаагүй. Тэр үеийн эдийн засагт тийм боломж ч байгаагүй. Тиймээс МОНЦАМЭ агентлаг өөрийнхөө үйл ажиллагааны төсвийн гадуурх орлогоороо санхүүжүүлсэн.


Үндэсний бичгээр шинэ сонин гаргах нь олон талаар түвэгтэй ажил байв. Анхны ганц хоёр компьютерыг ЮНЕСКО-гийн төслөөр авсан. АНУ-д хэвлэлийн компьютерын асуудал шийдэхдээ босоо монгол бичгийг кодлоход эхнээсээ онцгой анхаарсан байдаг юм.  Энэ хүрээнд дэлхийн монгол судлаачдын хүлээж байсан, нэг программ Монголд бий болсныг худалдаж авсан. Хэдэн хүн өдөр шөнөгүй оролдсоор анхны дугаарыг гаргаж билээ. Тэр дугаар хадгалагдсан бол сонин л юм байгаа байх. Тэр үеэс "Хүмүүн бичиг" сонин бүх талаар хөгжиж дэвшсээр 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь сайшаалтай юм.


-Та "Хүмүүн бичиг" сонины толгойг өөрөө бичиж байсан юм билээ. Ямар утга бэлгэдлийг бодож зохиомжилж байв?

-“Хүмүүн бичиг” сонины анхны толгойг ерөнхийд нь миний бие зохиомжилж, зарим зүйлийг өөрөө зурсан санагдана. Харин хийморийн морийг нийслэлийн сүлд тэмдгийг бүтээгч, зураач Р.Лхамсүрэнд захиалж зуруулсан юм.


-Английн стенографийн мэргэжилтэнд монгол бичгийн таталган бичих аргыг сонирхуулж байсан тухай Та сонин зүйл ярьдаг шүү дээ. Ер нь монгол бичгийг Та хэрхэн сурч эзэмшсэн бэ?

-Миний хувьд, өнөө үеийн олонх хүмүүсийн адилаар монгол бичгээр "үсэглэж уншина, гөрдөж бичнэ". Англид суралцах үед бидэнд стенографын хичээлийг англи хэлний хурдан бичлэгийн системийг зохиосон хүний төрсөн хүү зааж байсан юм. Тэр багшид би монгол бичгээр нэг хоёр үгийг таталган бичиж үзүүлэхэд ихэд гайхан биширч байж билээ. Монгол бичгийн стенограф чанар үнэхээр гайхамшигтай л даа.


Холбоотой мэдээ