ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилга ирэх 10 дугаар сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-08-29 14:58:26

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр ХСҮТ-өөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчтэй уулзаж тэдний санал хүсэлтийг авахын зэрэгцээ Өргөтгөлийн барилгын үйл ажиллагаатай  танилцлаа.

Тус төв нь хавдрын мэргэжлийн тусламж, үйлчилгээ, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хавдрын эрт илрүүлэг, хавдрын оношилгоо, эмчилгээ,  мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх  эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хавдрын бүртгэл, эрдэм шинжилгээ, судалгаа, төсгөлтийн дараах сургалтыг  зохион байгуулсаар ирсэн.  Өнөөдрийн байдлаар тус төв  нь  13 тасаг, 11 алба,  400 гаруй албан хаагчтай, нийт  215 ортой, үүнээс  хэвтүүлэн эмчлэх 197, хөнгөвчлөх эмчилгээний 18  ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

Сайдын эхний танилцсан газар нь иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Зайн туяа эмчилгээний тасаг” байлаа. Тус тасагт өнгөрсөн зургадугаар  сард  БНЭУ-ын Засгийн газраас хандивлсан 1 тэрбум 500 сая төгрөгийн өртөг бүхий Туяа эмчилгээний “Bhabhatron-II” аппаратыг суурилуулжээ. Өдөрт 70-80 хүнд үйлчилдэг, үр дүн сайтай, гаж нөлөөний үр дагавар багатай аж.  Олон улсын  Атомын энергийн  агентлагийн  шугамаар  жил бүр  манай эмч, инженер, техникчид 2-3 сарын сургалтад хамарч  мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн  ажиллах хүний нөөц хангалттай хэмээн тус  тасгийн  эмч Я.Эрдэнэтуяа  хэлж байв.

Тус төвийн хүүхдийн тасаг нь 3 ортой бөгөөд жилдээ 80 гаруй  хүүхдэд  хими туяаны эмчилгээ хийж хэвтэн эмчилдэг байна. Элэг цөс нойр булчирхайн  тасаг нь хоёр кабинеттай, 08-18 цаг хүртэл  үзлэг хийдэг. 

ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилгын зураг төсөл анх 2007 он хийгдсэнээс хойш хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор байгаад  өдийг хүрчээ. Барилгын явц өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй. Гурван 3 давхар бөгөөд ирэх 10 дугаар сард бүрэн дуусаж ашигалтад орохыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэллээ.

Сайд А.Цогцэцэг хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн учир цаг алдалгүй хүч гарган ажиллаж хугацаандаа багтаан ашиглалтад оруулахыг үүрэгдэв.

Тус өргөтгөлийн төвийн нэгдүгээр давхарт  туяа, хоёрдугаар давхарт хими, гуравдугаар давхарт  элэг цөс, мэс заслын тасаг байрлах аж.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ