Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2023-01-04 14:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээллээ.


Төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл хуульд заасны дагуу орон тооны дагуу 5 гишүүнтэй. УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг нэг төрийн албан хаагчийн төлөөллийг хоёр хүн нэр дэвшүүлдэг. УИХ-аас үүнийг 6 жилийн хугацаатай томилдог.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд нэр дэвшүүлэн сонгогдон ажиллаж байсан Төрийн албаны зөвлөлийн гишүүний хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгосонтой холбогдуулан сул орон тоо гарсан тул ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нэр дэвшигч нь Төрийн албаны тухай хуулийн 68.2-д заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй боловсролын чиглэлээр мэргэшсэн, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна гэж заажээ.

Мөн нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон сүүлийн нэг жилийн хугацаанд  эдгээр албан тушаалд ажиллаж байсан бол зөвлөлийн гишүүд нэг нутаг, нэг анги хамт төгссөн эсвэл хамаарал бүхий этгээд байж болохгүй гэсэн хориглох заалттай.

Эдгээр шалгуур хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс ажлын 10 хоногт ЗГХЭГ-ын info@cabinet.gov.mn мэйл хаягаар материал хүлээж авах юм.

Холбоотой мэдээ