Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх санал асуулгыг нэг удаад 8 хүртэлх асуудлаар явуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-04 19:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй Зөвлөлдөх санал асуулга явуулах болсон улс төр, нийгмийн нөлөө, зохион байгуулалтын хэлбэр, явц, үр дүнгийн тухайд ярилцлаа.

 

-Манай улс өмнө нь Зөвлөлдөх санал асуулгыг нэг удаа явуулж байсан. Уг санал асуулгыг тодорхой хугацааны дараа явуулах гэж байна. Тус санал асуулгыг явуулах болсон шалтгаан юу вэ?

-УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 80 дугаар тогтоолыг гаргасан. Зөвлөлдөх санал асуулга гэдэг нь нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг зөвлөлдөх замаар гаргаж ирье хэмээн зорьж байгаа хэрэг юм. Өнөөдөр нийгэм бухимдалтай байна, тулгамдаж буй олон асуудал байна, эдгээрт гарц шийдэл хэрэгтэй байна. Үүнд нь олон түмний санаа бодол тун чухал байна. Тиймээс УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнийг томилж, ажлын төлөвлөгөөгөө батлан хуваарийн дагуу ажлаа хийгээд явж байна.

 

-Зөвлөлдөх санал асуулгыг өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тойрсон сэдвээр явуулж байсан болохоор асуудал илүү тоймтой байж. Одоогийн нөхцөлд олон нийтийн саналыг сонсоно, асуудлаа эрэмбэлнэ, түүнээсээ гарц шийдэл хайна гэсэн ерөнхий томъёолол яваад байна. Энэ удаагийн санал асуулгын сэдэв юу байх бол гэдэг дээр иргэд нэлээн анхааралтай ажиглаж байх шиг байна?

-Зөвлөлдөх зөвлөл нь УИХ болон Засгийн газраас хараат бус байх юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” хэмээн заасан. Энэ дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд хүлээн авч сонгон шалгаруулалтыг явуулсан. 

 

Зөвлөлдөх зөвлөлд ажиллах бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтаан батална. Зөвлөлдөх зөвлөлийн нэн тэргүүний ажил бол Зөвлөлдөх санал асуулгын сэдэв байх юм. Зөвлөлдөх санал асуулгыг явуулахын өмнө орон даяар хоёр төрлийн томоохон ажлыг зохион байгуулж байна. Нэгдүгээрх нь өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм. Үүний дараа энэ сарын 11-нд улсын хэмжээнд “Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулна. Эл хоёр арга хэмжээнээс тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга замын талаарх ерөнхий дүр зураг гарч ирэх байх. Эдгээрт үндэслээд Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 15-ны дотор багтаан сэдвээ гаргасан байх болно. Сэдэв гараад ирсний дараа сэдвийнхээ дагуу улсын хэмжэнд хоёр үе шаттай зөвлөлдөх санал асуулгаа зохион байгуулна. 

 

-Одоо бол бэлтгэл ажил үргэлжилж байна гэж ойлголоо. Үндсэн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?

-Үндсэн хоёр том ажил хийгдэнэ. Тэдгээр ажлын хүрээнд Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг сонгох явдал юм. Энэ ажлыг Үндэсний Статистикийн хороо зохион байгуулна. Үүний дараа нь санал асуулгыг бичгийн хэлбэрээр явуулж, тухайн оршин суугаа газарт нь очиж асуулгыг авдаг. Хоёр дахь арга хэмжээ бол тэдгээр сонгогдсон 1570 гаруй хүнээсээ 700 гаруйг нь оролцуулсан Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт хийдэг. Эхний арга хэмжээ нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулагдах болов уу гэж харж байна. Удаах нь хоёрдугаар сарын 10-20-ны өдрүүд болно байх. Яг тэр өдөр болно гэсэн хатуу товыг Зөвлөлдөх зөвлөл гаргана. Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсанаар манай ажлын хэсгийн ажил үндсэндээ дуусаж, үүнээс цааших ажлыг тус зөвлөл хариуцна.

 

-АН-ын гишүүдийн зүгээс хэвлэлийнхэнд өгч буй мэдээллийг харахад Зөвлөлдөх санал асуулга гэхээсээ Олон нийтийн санал асуулгыг явуулах нь илүү үр дүнтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа харагдсан. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?

-Зөвлөлдөх санал асуулга бол УИХ шийдвэр гаргахын өмнө иргэдийнхээ саналыг сонсож байгаа явдал юм.

 

-Зөвлөлдөх санал асуулга болоод өнгөрлөө. Тэндээс гарсан шийдвэрийг амьдралд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг өөрөө их анхаарах татсан асуудал. Дараагийн үйл явц хэрхэн өрнөх вэ?

 -Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу уг санал асуулгын дараа зөвлөмж гарна. Зөвлөмжөө УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Үүний дараа УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргана. Уг зөвлөмжийн дагуу хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орох болов уу гэж бодож байна.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд энэхүү санал асуулгыг зохион байгуулалттайгаар хийж байна гэсэн хардлага яваад байна. Энэ тал дээр та тайлбар хэлэх үү?

-Заавал Үндсэн хуулийн асуудал байх албагүй. Өөр асуудлууд байх бүрэн бололцоотой. Иргэд Зөвлөлдөх санал асуулгыг зөвхөн Үндсэн хуультай холбож ойлгоод байна. Зөвлөлдөх зөвлөл хуралдаад, иргэдээс ирүүлсэн саналуудыг харж байгаад, санал асуулгыг нэг удаадаа дээд тал нь 8 хүртэлх асуудлаар явуулах боломжтой.  

Холбоотой мэдээ