БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн Элчин сайд Э.Сарантогосыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-01-05 15:10:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогосыг энэ сарын 4-нд хүлээн авч уулзан, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд болсон Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны VI хуралдааны үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцав.


​Талууд энэ онд хэрэгжүүлэх айлчлал, зөвлөлдөх уулзалтууд болон хамтын ажиллагааны гол чиглэл, төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Энэ үеэр Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Засгийн газраас шинэ оны босгон дээр зарласан Энэтхэг-Номхон далайн стратегийн баримт бичигт “Монгол Улстай ашигт малтмал, хөгжлийн чиглэлээр болон Зүүн хойд Азийн эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн дурдсан нь солонгосын тал манай улстай хөгжүүлж буй харилцаанд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна гээд манай Стратегийн түнш, гуравдагч хөрш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа 2023 онд шинэ агуулгуудаар баяжиж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоо улам өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ