Хувийн нэмэлт тэтгэврийн хууль батлагдсанаар тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-11 10:28:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлэх эсэх хэлэлцүүлгийг хийв.


11 бүлэг, 60 зүйл бүхий уг хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ. Хувийн нэмэлт тэтгэвэр нь сайн дурын шимтгэлд суурилсан байх ба хууль батлагдсанаар Монгол Улсад энэ төрлийн тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэж, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх зэрэг олон эерэг үр дүн гарах юм.


Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанд гишүүн Ц.Идэрбат танилцуулахаар боллоо.


Холбоотой мэдээ