Монголчуудын мянган оны оюун соёлын гайхамшигт өв

ТОЙМ
khandmaa@montsame.gov.mn
2023-01-17 12:02:18

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний анхны бичиг үсэг олон зуун тэмдэгттэй байсан гэдэг. Ийнхүү эрчээ аван хөгжсөн бичиг үсгийг сурах, бичихэд үлэмж дөхөм болгохын төлөө дэлхийн улс үндэстнүүд мөн л олон зууныг зарцуулж, өөр өөрийн хувь заяаг туулжээ. Харин Төв Азийн элгэн дээр үе улиран идээшин суусан монголчууд үндсэн долоон зурлагаар л хэлнийхээ бүх авиаг тэмдэглэх гайхалтай нэгэн бичгийг лавтай мянган жил хэрэглэж ирсэн байна. Тэр бол түүхэндээ 10-аад бичиг, түүний дотор нэлээд олон бичгийг шинээр зохион хэрэглэсэн бичгийн их соёлт монголчуудын хамгийн өнө удаан хэрэглэсэн босоо бичиг маань билээ.   


Монгол бичиг нь арамей угшилтай согд бичгээс үүсэлтэй бөгөөд монголчууд 6-7-р зууны үед авсан болов уу гэж таамагладаг. Гэхдээ согдоос авсан цөөхөн тэмдэгтийг монгол мэргэд билиг оюунаараа боловсруулан төгөлдөржүүлж өнөөд авчирснаараа хүн төрөлхтний бичиг соёлын санд үлэмж гавьяаг байгуулжээ. Учир нь, согдууд лалын шашинд орсноос өөрсдийн бичгийг орхиж араб бичигт шилжсэн тул тэдний бичиг дэлхийн олон бичгийн адил мартагдан үгүй болох хувь заяаг амсах байсныг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч нэн төгсөрсөн дүрэмтэй энэ бичгийг монголчуудын оюуны гайхамшигтай бүтээл гэж монголч эрдэмтэд бахархан тэмдэглэсэн нь буй.


 Эх бичиг судлаач, уран бичээч Б.Алтантуяагийн бүтээлээс


Үнэндээ монголчууд согд бичгийг шууд хуулан хэрэглэсэн төдийхөн биш юм.  Харин монгол хүний өвөрмөц сэтгэхүйгээр тэтгэн баяжуулж, цөөхөн зурлага ялгах тэмдгээр хэлнийхээ бүх авиаг тэмдэглэх тэр суу билигт чанарт дэвшитгэн, Монголын олон аялгууны нийт дундын шинжийг зангидан шигтгэж, бичлэгийн уран тансаг, гоёмсог хээнцэр олон тигийг үүсгэснээрээ сонгодог монгол бичиг болтол нь хөгжүүлжээ. Монгол бичгээр “цагаан”  гэж бичсэнийг “чагаан”, “хөх” гэж бичээд “гөх, көк”, “засаг” гэж бичээд “жасаг”, “ясаг” гэх мэтээр нутаг нутгийн аялгуунд өөр өөрийнхөөрөө уншиж, дуудах хосгүй боломжоороо монгол туургатнуудын дунд он цагийн уртыг туулж, монголчуудын оршихуйн бэлгэдэл болон гагнагджээ. Бичиг үсгээрээ үндэсний нэгдмэл байдлаа тийнхүү тунхаглах суут ухаан гагц монгол бичигт л үнэнхүү бахдууштай сайхан туссан байдаг билээ. 

Тийм ч учраас энэ бичгээр асар баялаг өв бүтээгдсэн бөгөөд нүүдэл суудал, дайн самууны хөлд устаж сүйдсэн нь үлэмжхэн ч, чамлахааргүй арвин өв өнөөтэй золгож, өдгөө дэлхийн таван том бичгийн нэг хэмээн үнэлэгдэхүйц хэмжээнд хэрэглээнд нэвтэрчээ. 

Монгол хэлний яруу сонсголонт чанар монгол бичгийн хэлэнд л илүү тодорхой илэрдэг онцлогтой.  Ч.Лодойдамба, Б.Явуухулан нарын төрийн шагналт зохиолчид монгол шүлгийн айзам хэмнэл, ая дан, сонсголонт чанар монгол бичгээр бичихүйд л гойд сайхан илэрдэг тухай өгүүлсэн байдаг. Тэд монгол бичгээр бичсэн шүлгээ кирилл бичгээр хөрвүүлэхэд уран яруу, аялгуу эгшиг нь гээгдэж “хөггүй хөгжим” шиг болж буйг шүүмжилж байжээ.


Монгол бичгээрх хамгийн эртний дурсгал

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 337 алд буюу 600 орчим метрт буй байг оносон бахдам амжилтыг алдаршуулж босгосон гэрэлт хөшөө бол одоогоор олдоод буй, монгол бичгээрх хамгийн эртний дурсгалд тооцогддог.

Уран гоё бичигтэй энэ гэрэлт хөшөөнд Чингис хааны нэрийг мөр тэтгэж бичих зэргээр монгол бичгийн дэг соёл хэдийн хэвшин тогтож, бүр урлалын хэмжээнд хүрсэн байсныг илтгэдэг. Чухам иймээс 13-р зуунаас бүр олон зууны өмнө энэ бичгийг монголчууд хэрэглэж байсан нь маргаангүй бөгөөд хэл, түүх, тэр бүү хэл дэлхийн талыг эрхшээн захирч байсан монголчуудын харвах эрдмийг баримтжуулснаараа хосгүй үнэтэй өв юм. Түүн лугаа адил “Монголын нууц товчоон” маань ч 13-р зуунд монголчууд хэдийн цэгцрэн боловсорсон бичгийн хэлтэй байсныг дэлхийд таниулсан дурсгал билээ.


Дэлхийн цор ганц босоо бичгийн өв

Монголчуудын оюуны соёлыг сүүлийн мянганы түүхэнд босоогоороо тэвэрч ирсэн худам бичиг маань маш хурдан таталган бичиж, бас  угалзлан хээлж гоёмсог сайхан эвхэж болдгоороо гайхамшигтай. Нуруугаар холбон бичдэг дэлхийд цор ганц босоо монгол бичгийн маань зурлага бүхэн нар зөв эргэлттэй байдаг нь ч бэлгэ дэмбэрлийг ямагт эрхэмлэдэг монгол соёлын бас нэгэн илэрхийлэл болдог.

Тэгвэл энэ тансаг бичгээр хэчнээхэн их өв уламжилж ирсэн тухайд Ардын багш Ш.Чоймаа агснаас хэдэн жилийн өмнө тодруулахад минь, “Монгол хүн монгол бичгээрээ зохиосон түүхийн зохиолуудын дээж зохиолыг 30 боть болгон кирилл бичигт хөрвүүлсэн” тухайгаа тодотгоод, ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд буй номуудын зөвхөн гарчгийг нь жагсаахад хэдэн боть болох хэмжээний өв энэ бичгээр уламжилж ирснийг бахархан тэмдэглэж байсан сан. Түүнчлэн өдгөө ч хүний гар дээрх монгол бичгээр уламжилж ирсэн номуудыг бүрэн бүртгэж чадаагүй. Ялангуяа айлын авдар, уул хаданд үлдсэн өдий төдий сайхан ном ашиг хонжоо хайгч наймаачдын гараар гадагш урсаж буйг харамсан өгүүлж байж билээ.

Өрнө, дорнын олон хэлээс орчуулсан асар баялаг сан хөмрөг мөн л энэ бичгээр уламжилсан бөгөөд тэр чинээгээр монгол хүний сэтгэлгээний онцлог, монгол хэлний үгийн гарал, найруулгын ур маягийг тэдгээрээс тодруулах боломжтойг монгол судлалын гарамгай эрдэмтэн Ш.Чоймаа

 Гүег хааны төрийн тамга                                                             агсан олонтаа өгүүлдэг байлаа.


Монгол бичиг олон улсын харилцааны бичиг болж байв

Ийм их өвийг тэмдэглэсэн монгол бичиг маань нэгэн цагт өнөөгийн англи хэл лугаа олон улсын харилцааны бичиг болж байсныг Монголын хаад язгууртнуудаас гадаадад илгээж байсан захидлууд яруу тод гэрчилдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далайн хааны зарлиг ил булха иргэн дүр хүрвээс биширтүгэй, аюутугай...” хэмээн эзэнт гүрний их хааны сүр жавхлант үгсийг монгол бичгээр уран тансаг сийлсэн тамга бүхий захидлыг Алтан ургийн хаад илгээж байжээ. 


Бага Ази, Ирак, Ираны нутагт тогтсон Монголын Ил хаант улсын дөрөв дэх Ил хаан Аргунаас Францын хаан гоо Филипт 1289 онд илгээж өдгөөгийн бичгийн цаасны чинээ тамга дарсан, 3.1 метр урт, хичээнгүй уран гоё бичсэн захидал Францын үндэсний музейд эх хувиараа хадгалагдаж байна. Түүнтэй адил манай гаргийн хамгийн том архивуудын нэг Ватиканы архивт Монголын Эзэнт гүрний үеийн чухал баримт бичиг, захидлууд эх хувиараа байгаа нь монгол бичиг тэр үед дэлхийн харилцааны нэгэн гол үсэг бичиг, өрнө дорныг холбох гүүр болж байсны баримт гэж хэлэх үндэстэй.



 Аргун хааны захидлууд

Монгол бичиг олон үндэсний бичиг үсэгт нөлөөлжээ

Монгол бичиг маань олон үндэстний үсэг бичигт нөлөө тусгалаа харамгүй хайрласан байдаг. Тухайлбал, Хубилай сэцэн хаан Хятадын төрийг барьж байхдаа Пагва ламаар зохиолгож, Юань гүрний хэмжээнд 1269 оноос хойш 100 гаруй жил албан ёсны төрийн бичиг болгон хэрэглэж байсан дөрвөлжин бичгийн дүрсийг нь төвөд үсгээс, холбон бичих аргыг нь монгол бичгээс үүтгэсэн гэж үздэг. Энэ дөрвөлжин бичигтэй солонгосын хангыл үсэг бодит сэжмээр холбогдох эш үндэстэйг зарим судлаач ил тод бичдэг болсон байна.

Мөн манжууд эхлээд монгол бичгийг шууд авч хэрэглээд хожим нь өөрсдийн хэлэнд зохируулан дусал, бинт зэрэг тэмдэгт нэмэн бичиг үсгийн тогтолцоогоо хөгжүүлсэн байдаг. Түүнчлэн монголчуудын зохион хэрэглэж байсан буюу Ойрадын Зая бандид Намхайжамц 1648 онд тод бичиг, 1905 онд буриад лам Агваандорж вагиндрагийн үсэг зэрэг шинэ үсгийг монгол бичигт тулгуурлан зохиосон түүхтэй. 


Ийнхүү морьтойгоо, монгол бичигтэйгээ дэлхийн талыг туулсан монголчууд мөнх тэнгэр шигээ эрхэмлэн дээдэлж ирсэн үндэснийхээ бичгийг 1946 оноос хэрэглэж чадахгүй болсон ч 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нөлөөн дор үндэснийхээ өв соёлыг сэргээх үзэл санаа дэлгэрч монгол бичгээр дагнан гардаг “Хүмүүн бичиг” сониныг МОНЦАМЭ агентлаг санаачлан гаргасан билээ.

Монголчууд эцэг өвгөдийнхөө сүлд хийморь оршсон монгол соёлоо дээдлэн хүлээж авсан нэг жишээг хуваалцъя. Нийслэлийн Налайх дүүргийн Хонхорын сургуулийн нэг ангийн 30 хүүхэд өөрсдийнхөө нэрийг нарны цацраг хэлбэрээр дугуйруулан бичээд, монгол бичгээ дэлгэрүүлэхэд нэмэр болгоно уу гэж хүүхэд бүр нэг төгрөг хандивлаж 30 нэгтийн дэвсгэрт бүхүй зузаан дугтуйг “Хүмүүн бичиг” сонины газарт авчирч байсныг Тангадын Галсан авгай өхөөрдөн дурсдаг.                                                                                                       

Ийнхүү монгол бичиг сэргээн дэлгэрүүлэх үйлс өрнөн идэвхжсэний үрээр Монгол Улсын шинэ үндсэн хуулийн анхны эхийг монгол бичгээр хөрвүүлж,  “Монголын Нууц Товчоо”-гоо XIII зууны монгол бичгийн тигээр буулган есөн эрдэнээр бүтээж төрийн сандаа залах зэргээр монгол бичгийн өв шинэ цагт ч арвижин баяжсаар байна. Түүнчлэн Хонхорын хүүхэд багачууд лугаа адил маш олон залуус эх орны өнцөг булан бүрд үндэсний бичгээ сурч, 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр залгуулах бэлтгэлд өөрсдийн хувь нэмрийг оруулж явна. Энэ мэт ирэх хаврын цэцэгс шиг жил бүр мянга мянгаар төлжин гарч ирэх үр ач нарын залгамжаар монгол бичиг бадранхан дэлгэрч хойчийн мянганд ч монголчуудын оюуны соёлыг бичиглэсээр байх нь дамжиггүй буй за. 

 

Холбоотой мэдээ