Л. Оюунжаргал: Бохир агаар хуримтлагдахад өвлийн цаг агаар, хүйтний урсгал нөлөөтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2023-01-18 07:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ус цаг уур орчин шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас нийслэлийн агаарын бохирдолтод өвлийн цаг агаар хэрхэн нөлөөлдөг талаар тодрууллаа.


-Өвлийн улиралд нийслэлд гарч ирдэг нэг асуудал нь утаа, агаарын бохирдол байдаг Энэ нь цаг агаартай ямар холбоотой вэ?

-Хүйтрэхээр агаарын бохирдол нэмэгдэнэ. Бохир агаар хуримтлагдах нь өвлийн цаг агаартай салшгүй холбоотой. Их газрын бүс нутаг өвлийн улиралд хурдан хөрдөг. Энэ хүйтэн агаарын орон зайд Их даралтын орон Монголд орж ирнэ. Их даралтын орон орж ирж байгаа байгалийн үзэгдэл нь агаарын хэвтээ, босоо урсгалыг маш бага болгодог. Агаарын урсгал бага болно гэдэг нь салхигүй болно гэсэн үг. Ийм нөхцөлд агаар сууж өгдөг. Салхигүй байх, агаар суух байгалийн энэ үзэгдэл нь нийслэлд бохир агаар ихээр хуримтлагдах нөхцөл бүрдүүлээд байгаа юм. Энэ бол цаг агаарын бохир агаар хуримтлагдахад үзүүлэх гол хүчин зүйл нь болдог.


-Их даралтын орон гэдгээ дэлгэрүүлэх үү?

-Их даралтын орны араас бага даралтын орон орж ирэх байгалийн үзэгдэл болдог. Байгалийн энэ үзэгдэл нь агаарын хэвтээ, босоо урсгал нэмж салхи гарах нөхцөлийг бүрдүүлэг. Энэ нөхцөлд хуримтлагдсан бохир агаар сэлгэгддэг. Ер нь өвлийн улиралд салхилж нийслэлд хуримтлагдсан бохир агаарыг сэлгэх явдал гарна. Гэхдээ салхины хурд 3,4, 5 м/сек хүрч байж хуримтлагдсан бохир агаар сэлгэгдэнэ. Салхины зүг хаанаас байна вэ гэдгээс хамаарч салхины хурд нөлөөлдөг. Бага төвшинд буюу 2 м/сек-ийн хурдтай салхи зүүн урдаасаа буюу Налайхын тэндээ салхилах юм бол хуримтлагдсан бохир агаар баруун хойд зүгт, Туулийн урсгалын дагуу амархан сарниж алга болно. Харин баруун хойноосоо ийм хэмжээний хурдтай салхи гарсан нөхцөлд нийслэлд хуримтлагдсан бохир агаар сарниахгүй байх жишээтэй. Тийм болохоор баруун хойноосоо үлээх салхины хурд их байх тусам Налайхын наад хөтлөөр нийслэлд хуримтлагдсан бохир агаар зүүн урд зүг рүү сарнидаг.


-Цаг агаараас өөр үзүүлэх нөлөө шалтгаан байх уу?

-Улаанбаатар хот өндөр уулаар хүрээлэгдсэн газар зүйн өвөрмөц тогтоцтой. Энэ өвлийн  улиралд бохир агаар нийслэлд хуримтлагдах газар зүйн онцлог нь байгаа юм.


-Өвлийн галлагаа, түлшний чанар үүнтэй холбогдоно биз.

-Мэдээжийн хэрэг агаар бохирдуулж байгаа эх үүсвэр нь гэр хорооллын галлагааны зуухны болон автомашины яндангаас гарч байгаа утаа. Түлшний асуудал бол тусдаа бие даасан асуудал. Энэ бол цаг уураас өөр зүйл шүү дээ. 

Холбоотой мэдээ