ДОРНОГОВЬ: Туршилтын журмаар нүүрс угаах ажлыг гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-17 13:40:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 2019 оноос эхлэн хэрэгжиж байна.

“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хэрэгжүүлж буй дээрх төсөл нь төмрийн хүдрийн нойтон баяжуулах, нүүрс угаах, кокс, төмрийн хүдрийн хорголжин зэрэг дагалдах үйлдвэрүүд байх бөгөөд өнгөрсөн онд нүүрс угаах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч, нүүрс угаах ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлсэн байна.

Мөн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хийж дууссан байна. Хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор барилгын арматур төмрийг үйлдвэрлэх боломжтой аж. “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн хүрээнд 110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6,3 MВт-ын цахилгааны дэд станц, 12 км төмөр зам, гүний усны хоёр цооног, паркийн усан хангамж буй Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал зэрэг дэд бүтцийн томоохон ажлыг гүйцэтгэжээ.

“Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орох аж. Ташрамд дурдахад тус аймгийн Алтанширээ суманд Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг газрын тосны үйлдвэр байгуулах ажил өрнөж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 30 гаруй хувьтай байгаа гэж орон нутгаас мэдээлэв.  

Холбоотой мэдээ